2008-10-09

Стратеги удирдлага гэж яг юуг хэлж байна вэ?


Дээхнэ, нэгэн байгууллагын стратеги төлөвлөлтийг шинэчлэн боловсруулахад оролцож байсан юм. Тухайн байгууллага монголдоо л боловсон хүчний боловсрол, чадавхи сайтай, харьцангуй төлөвшиж, тогтолцоо нь жигдэрсэн газар байв. Гэсэн хэдий ч стратеги төлөвлөлт, түүнийг дагалдах процесс, бусад шатны төлөвлөлтийн талаар хүн бүрийн ойлголт янз бүр, хольж хутгасан байдалтай байв.
Иймд доорх товч тэмдэглэлийг хийж байсныг тухайн үеийн байдлаар нь энд орууллаа. Ер нь стратеги төлөвлөгөө, байгууллагын төлөвлөлт, бүтэцтэй холбоотой ойлголт аргачлалууд маш бүрхэг, олон янз байдаг тул ихэвчлэн удирдлагын түвшинд санал зөрөлдөөн, үл ойлголцлын эх байх нь олонтаа. Доор нэгэн хувилбар (минийхээр хамгийн оновчтой нь) ойлголт байна...


Стратеги гэж юу вэ? (Strategy)

Стратеги гэдэг үг нь стратегиа буюу цэргийн удирдлага, генерал гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд монгол хэлэнд ихэвчлэн алс хэтийн зорилго, төлөвлөгөө гэсэн ерөнхий утгаар орчуулан хэрэглэж байна. Энэ үгийг маш олон янзаар, олон утгаар хэрэглэдэг ба хүмүүсийн, тэр байтугай судлаач, мэргэжилтнүүдийн дотор ч өөр өөрөөр ойлгож, тайлбарлах нь түгээмэл.

Стратеги гэдэг үг нь алс хэтийн зорилт, төлөвлөгөө гэхээсээ илүү алс хэтийн төлөвт хүрэх арга замыг илэрхийлнэ.

Стратеги удирдлага гэж юу вэ? (Strategic Management)

Одоогийн байгаа байдлаас тодорхой зурагласан алс хэтийн төлөв рүүгээ тэмүүлсэн аливаа байгууллагын удирдлагын уян хатан, цогц уялдаатай, тасралтгүй урсгал процессийг стратеги удирдлага гэнэ.

Стратеги төлөвлөгөө (Strategic Plan) гэж юу вэ? Стратеги удирдлагаас ямар ялгаатай вэ?

Стратеги төлөвлөгөө бол алс хэтийн төлөв рүүгээ очих арга замыг тодорхойлсон стратеги удирдлагын удиртгал болсон баримт бичиг юм. Зүйрлэж хэлбэл аварга том мөсөн уулын усны төвшин дээр харагдаж буй өчүүхэн шовх орой бол стратеги төлөвлөгөө, харин усан доор нуугдах эх бие нь стратеги удирдлагын процесс юм. Иймд стратеги удирдлагын процесгүйгээр жинхэнэ стратеги төлөвлөгөө гэж үгүй. Стратеги төлөвлөгөөний их бага, гоё сайхан, муу сайнаас байгууллагын амжилт огт хамаарахгүй, харин стратеги удирдлагын процесс буюу уялдаатай удирдлагыг (стратеги төлөвлөгөөг бий болгогч) хэр нэвтрүүлснээс, хэр сайн ажиллаж байгаагаас ирээдүйн амжилт шууд шалтгаална.

Аливаа төлөвлөгөөг маш их хүч чармайлт гарган боловсруулж болно, эсвэл аль нэг мэргэжлийн багаар гоё сайхан, чанартай хийлгэж ч болно. Харин ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэх уялдаатай удирдлагын процесс (стратеги удирдлага) үгүй бол тухайн төлөвлөгөө хэрэгжиж, байгууллагад үр дүнгээ өгөх нь бага юм. Байгууллага том байх тусам байгууллагын амжилт удирдагч бүлэг, эсвэл боловсруулсан төлөвлөгөөнөөс бус, харин удирдлагын хэвшсэн процессоос хамаарах хамаарал нэмэгдэнэ.

Стратеги удирдлага, стратегийн талаар нийтлэг тохиолдох ташаа ойлголтууд:
  • Стратеги төлөвлөгөө бол стратеги удирдлага мөн
  • Стратеги төлөвлөгөөг л сайн боловсруулчихвал (боловсруулуулчихвал), хэрэгжүүлээд амжилтад хүрчихнэ, стратегитай холбоотой асуудал шийдвэрлэгдэнэ.
  • Стратеги төлөвлөгөөг стратеги төлөвлөлтийн газар хариуцаж хийнэ, бусад нь хэрэгжүүлэхэд бэлэн байхад хангалттай.
  • Стратеги бол өдөр тутмын удирдлага, ажил биш, алс хэтийн, тусгай бодлого. Стратегийн зохиогч, хариуцагч нь зөвхөн дээд удирдлага.
  • Жил болгон дээд удирдлагаас стратеги боловсруулж, баталж, бусад нь дагаж мөрдөж, биелүүлэх ёстой.
  • Газар хэлтсүүдийн ажлын уялдаа муу байх нь ерөнхий стратеги байхгүйтэй холбоотой. Уялдааг хангах үүргийг стратеги төлөвлөлтийг хариуцсан нэгж гүйцэтгэнэ.

Хэтийн төлөв - Алсын хараа гэж юу вэ? (Vision)

Алс хэтдээ тухайн байгууллага ямархуу төлөв байдал, байр сууртай, ямар амжилтад хүрсэн байхыг зураглаж үзүүлснийг хэтийн төлөв (зорилт, алсын хараа) гэнэ.

Алсын хараа, хэтийн тєлєвєє тодорхойлоогїй, єєрєєр хэлбэл ирээдїйд яг ямар болохоо мэдэхгїй, бїрхэг байгаа байгууллага, хїн хэзээ ч амжилтад хїрдэггїй.

Эрхэм зорилго гэж юу вэ? (Mission)

Тухайн байгууллага, хүний оршин тогтнож байгаа утга учрыг агуулсан, зорьж буй эцсийн зорилго, хэтийн төлөвт хүрэх чигийг илэрхийлэгч утга төгс товч илэрхийлэл.

Эрхэм зорилго дараахь зүйлсийг агуулсан байх нь оновчтой:
  • Үйл хөдлөл, ажилд чиглүүлсэн (suggest an action)
  • Хэт явцуу биш, ерөнхий үйл хөдлөлийг заасан (identify this action only vaguely)
  • Үйл хөдлөлийн эздийг тодорхой заах (include a social categorization)

Эрхэм зорилго заавал хүрэхүйц, тодорхой байх албагүй байдаг. Хамгийн гол нь тухайн байгууллагын оршин тогтнож байгаа утга учир, үйл хөдлөлийн чиглэлийг зааж илэрхийлсэн, байгууллагын гишүүн бүрт ойлгомжтой, энгийн, утга төгс байх ёстой. Доор зарим нэг байгууллагын эрхэм зорилгыг авч үзэн, дээр өгсөн гурван шалгуурын дагуу илүү ончтой болгон засварлаж үзэв (зөвхөн тухайн өгүүлбэр, илэрхийллийн л утгыг алдагдуулахгүйгээр өөрчлөн зассан).

Жишээ авсан байгууллагуудын эрхэм зорилгод нийтлэг тохиолдож буй дутагдлууд:
  • ойролцоо утгатай, мэдээжийн, загвар шинжтэй зүйлсийг дурьдаж, илэрхийлийг залхуутай, нуршуу, урт болгож, гишүүд, ажиллагчид утгыг нь шууд ойлгож, ой тоондоо тогтоож, ажлын мөрдлөгө философио болгох үндсэн нөхцлийг үгүйсгэж байна
  • үйл хөдлөлийн эзэнгүй ерөнхий өгүүлбэрүүд байгаа тул байгууллагын гишүүд эрхэм зорилгод хөндий хандах нөхцөл бүрдүүлнэ
  • эрхэм зорилгод байгууллагын бүх зорилт, үйл ажиллагааны чигийг жагсааж, багтаах албагүй
  • байгууллагын төлөвлөж буй ашиг, орлогын дүнг, нарийн тодорхой зүйлсийг оруулаагүй нь дээр байдаг

Хадгаламж банкны эрхэм зорилго:

Иргэдэд хvрч vйлчлэх банкны vйлчилгээг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан єргєжvvлж, банкны нийт салбар нэгжид vйлчилгэний соёлч, ажил хэрэгч харилцааг хэвшvvлэх замаар харилцагчдын зvгээс хамгийн найдвартай, тогтвортой vйл ажиллагаатай, тєлбєрийн чадвартай байдлаа хадгалан, улам бэхжvvлж харилцагчдын итгэлийг хvлээн, Монгол улсын хєгжилд хувь нэмэр оруулан ажиллах явдал юм.

Өгүүлбэрийн бүтэц, санааг алдагдуулахгүйгээр өөрчилсөн хувилбар:

Бид банкны үйлчилгээг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, харилцагчдын итгэлийг хүлээсэн шилдэг банк байж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна.

Хас банкны эрхэм зорилго:

Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж мєн орлого багатай болон алслагдсан хєдєє орон нутагт амьдарч байгаа санхvvгийн vйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд санхvvгийн цогц vйлчилгээг хvргэж, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хєгжилд хувь нэмэр оруулах, хоёрдугаарт, хувь нийлvvлэгчдийн хєрєнгийн vнэ цэнийг нэмэгдvvлэхийн зэрэгцээ ашгийн єндєр тvвшинтэй, санхvvгийн тогтвортой байгууллага бий болгоход оршино.

Өгүүлбэрийн бүтэц, санааг алдагдуулахгүйгээр өөрчилсөн хувилбар:

Бид санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг нэмэгдүүлсэн хүчирхэг санхүүгийн байгууллага болж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна.

Капитрон банк:
Мэдээллийн технологийн дэвшил болон оюуны єндєр чадавхид тулгуурлан олон улсын жишигт нийцсэн орчин vеийн банк-санхvvгийн бvтээгдхvvн vйлчилгээг орон зай, цаг хугацаанаас vл хамааран харилцагчиддаа хvргэх явдал юм.

Өгүүлбэрийн бүтэц, санааг алдагдуулахгүйгээр өөрчилсөн хувилбар:

Бид мэдээллийн технологийн дэвшил болон оюуны єндєр чадавхид тулгуурлан орчин vеийн банк-санхvvгийн vйлчилгээг орон зай, цаг хугацаанаас vл хамааран харилцагчиддаа хvргэнэ.

2005 оны 4 сарын 18.


1 comment:

Unknown said...


This post is worth everyone's attention. How can I find out more? usaa bank login