2010-04-20

Монголын санхүүгийн системийн талаар имэйл

Хөрөнгийн бирж, хувьцаа, мөнгө босгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Оюу толгой, Таван толгой, эрдэнийн хувь... гэх мэт сэдэв маш түгээмэл болжээ. Саяхан нэгэн майл лист дотор өрнөсөн монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг дунд шидэж байсан нэг имэйлийг энд орууллаа..

Одоогийн манайд тогтоод байгаа санхүүгийн тогтолцоо бол бусад асуудлын л адил яг л бидний, манай нийгмийн одоо байгаа байдал, потенциал хязгаар, тусгал болж таарч байгаа юм. Манайх шиг улсад бидний жишиж, тэмүүлж, төсөөлж байгаа шиг санхүүгийн систем, хөрөнгийн бирж яг тэр загвараар хөгжих боломж маш бага, ер нь бараг боломжгүй. Банк голлосон санхүүгийн системийг тойрсон хууль эрхзүйн орчин одоо болтол бүрэн хангалтгүй, дээр нь, хамгийн гол нь тэр хуулийг дагаж мөрдөх, араас нь мөшгиж мөрдүүлэх субъектуудын болон нийтийн хариуцлага, ёс зүй, ажлын соёл бүрэн хангалттай биш байгаа тул нийгэмд итгэлцэл бүрэлдэхгүй байна.