Хөрөнгийн бирж, хувьцаа, мөнгө босгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Оюу толгой, Таван толгой, эрдэнийн хувь... гэх мэт сэдэв маш түгээмэл болжээ. Саяхан нэгэн майл лист дотор өрнөсөн монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг дунд шидэж байсан нэг имэйлийг энд орууллаа..
Одоогийн манайд тогтоод байгаа санхүүгийн тогтолцоо бол бусад асуудлын л адил яг л бидний, манай нийгмийн одоо байгаа байдал, потенциал хязгаар, тусгал болж таарч байгаа юм. Манайх шиг улсад бидний жишиж, тэмүүлж, төсөөлж байгаа шиг санхүүгийн систем, хөрөнгийн бирж яг тэр загвараар хөгжих боломж маш бага, ер нь бараг боломжгүй. Банк голлосон санхүүгийн системийг тойрсон хууль эрхзүйн орчин одоо болтол бүрэн хангалтгүй, дээр нь, хамгийн гол нь тэр хуулийг дагаж мөрдөх, араас нь мөшгиж мөрдүүлэх субъектуудын болон нийтийн хариуцлага, ёс зүй, ажлын соёл бүрэн хангалттай биш байгаа тул нийгэмд итгэлцэл бүрэлдэхгүй байна.
Итгэлцэл байхгүй гэдэг нь иргэд, бизнес, төрийн хоорондын итгэлцэлээс гадна ямарваа нэг үйл явдлын араас баттай, итгэхүйц дүгнэлт гаргалгаа байхгүй, тэр байтугай шүүхийн шийдвэр нь хүртэл энгийн нүдэнд эргэлзээтэй харагдаж байгаа нь нийгмийн бүх салбарт сөргөөр нөлөөж байна. Жишээлэхэд, саяхны банкуудын хямрал, гаргасан алдаа, үүссэн алдагдал, алдаа оноо бидэнд ойлгомжгүй хэвээр, хэн яасан нь тодорхойгүй, бүрхэг үлдэж, ерөнхийлөн "дэлхийтэй хамт хямрав" гээд өнгөрч байна. Үнэндээ бол бид дэлхийтэй хүйн холбоотой болж амжаагүй, өөр тул хямрал нь ч тэс өөр төрлийнх байх учиртай, шал өөр учиг гарвал бий.
Ийм замбараагүй, эрсэл ихтэй орчинд Содхүү дарга шиг хүний зөвлөмж, үгэнд автаад, хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулах байтугай энгийн зээл өгч авалцах, араас нь нэхэл дагал болоход ч хүндрэлтэй байх болно. Санхүүгийн зах, хөрөнгийн зах зээл дээрх субъектууд, орчин нөхцөл бэлэн биш байгаа нөхцөлд энэ талаар мэдлэг хомс масс олны чихэнд цэцэг ургуулж, хамаагүй сурталчилж, даллаж дуудах нь харин ч бүр асуудал үүсгэж болно.
Одоо энэ "Монгол999" ХК-ийн хувьд би дотроо санаа зовж л байна. Санаачилга, зорилго нь сайхан ч цаашид яг яах бол, дотоод зохион байгуулалт, нээлттэй байдал, мэдээ тайлан, хувийн ашиг сонирхлуудаа нэгтгэж чадах болов уу? тэрийг нь хянаж, шахаж олонхи жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах, компани нь эрүүл байх нөхцлийг манай хууль зүйн орчин, тэрийг хянагчид хэвшүүлж чадах болов уу?...улс төрийн, хувийн болон бусад түмэн эрх ашгуудаа ялгаж салгаж, зохицуулж чадах байгаа? бүр бантан болоод, ус төржөөд, иргэдээс баахан хүлээлт, мөнгө цуглуулаад, цөөхөн хүний тоглоом, нүүдэл болоод, Таван Толгойн төслөө ч гацаагаад дуусахвий.. гэх мэт.
Бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь зөв ч яарч, адгаж, цаг нь болоогүй байхад хэлбэр талаас нь дайрах нь буруу гэж бодож байна. Хөрөнгийн зах зээл гэхээр одоо үүсээд байгаа нэг гажуудал нь бүгд уул уурхай, эрдэнэт, Оюу толгой, нүүрс, их мөнгө босгох, Торонто гэсэн явцуу төсөөллөөр тэжээгдэж байгаа явдал...Биржээ ажиллуулаад (ууг нь ажиллаж л байгаа) эхлэвэл Торонто-д хөрөнгө оруулж байсан нөхөр УБ-т хөрөнгө оруулж эхлэнэ, тэндээс босгосон мөнгө эндээс бас босно гэсэн гэнэн хүлээлт нийгэмд байх шиг...үнэндээ бол тэр босгох мөнгө Монголд байхгүй, байгаа цөөхнийгөө эрсдэл ихтэй хувьцаа авснаас хүү хангалттай өндөр байгаа, дээр нь төр батлан даасан банкны хадгаламжид хийсэн нь эрүүл ухаантай л бол зөв байна.
Бүдүүлэгдүү зүйрлээд хэлвэл хөрөнгийн бирж гэдэг бол худалдааны төв, зах юм. Олон жил хөгжөөд дүрэм журам нь тодорхой болсон, хаана үйлдвэрлэсэн ямар чанартай барааг хэн ямар үнээр зарж буй нь ил тод, тохилог сайхан байртай худалдааны төвөөр үйлчлүүлдэг хүн (хөрөнгө оруулагч) халаасны хулгайчаар дүүрэн манай Нарантуул зах дээр ирж лангуу түрээслэх үү, эсвэл хаана яаж хийсэн нь тодорхойгүй хулхи барааг үл таних, яаж ч мэдэх наймаачнаас авах уу?
Ингээд үзэхээр хөрөнгийн зах зээл гэж хэт шунаж, яарч довтолгохоос өмнө эхлээд хөгжүүлэх, бэхжүүлэх ёстой суурь санхүүгийн тогтолцоонууд байна. Гол санхүүгийн зуучлалыг хийж байгаа банкууд болон дөнгөн данган эхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг баяжуулах, хийж буй зуучлалыг нь өргөсгөх, хөгжүүлэх орчинг бүрдүүлэх, боловсон хүчин бэлдэх л чухал байна.
Б.Найдалаа
2010-4-20
2 comments:
hi
Сайн байна уу?
Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй мэдлэггүй гэж бас нэг нийгмийн ялгаа гарч ирээд байна. Бизнесийн сургуулийн мастерийн ангийн оюутан хүртэл энэ тухай мэдлэггүй гэдгээ зарлаж байх юм. Бүх хүн нийгмийн өмнө хариуцлага хүлээдгийн хувьд таныг бусдад ойлголт өгөх, ХЗЗ-ийн боломжийн тал дээр одоогийн байдлаар бодитой саналаа хэлэхийг хүсч байна.
Хүн гадаадад сурснаараа бүх зүйлийг олж мэдээд хөгжүүлж чаддаггүй юм байна лээ. Яагаад гэвэл гадны хуурай кейс энд тохирохгүй байна. Иймд таныг шинэхэн гадаадаас ирсэн хүн биш бөгөөд олон компанид ажиллаж байса туршлагатай хүний хувьд энэ тал дээр чанартай судалгаатай гэж бодож байна. Хүндэтгэсэн хуучны нэгэн шавь.
Post a Comment