2011-01-23

Бид ургийн овогтой билүү..

Монголчууд уламжлалт ургийн овгоо 90-ээд онд сүр дуулиантайхан ажил болгон "сэргээж" билээ. Даанч энэ сэтгэл хөдөлгөм сайхан ажил эхэлсэн шигээ амжилттай төгссөнгүй, тэгсхийгээд замхарч, бүр бантав болов... Үр дүнд нь бид овогтой ч юм шиг овоггүй ч юм шиг, сэргээсэн ч юм шиг зохиосон ч юм шиг, хэрэглээд байгаа ч юм шиг хэрэглэхгүй байгаа ч юм шиг тэнэг байдалд орчихжээ.


Одоо бодоход, овог сэргээх ажил хариуцан хэрэгжүүлсэн дарга, түүний багийнхан маш олон бүдүүлэг алдаа гаргасан байдаг. Хамгийн түрүүнд, яг яах гэж овгийн тогтолцоонд орох гэж байгаа, яг ямар үр дүнг хүсч байгаа, юуг өөрчлөх тухайгаа нэгмөр ойлгоогүй, зорилгоо тодорхойлоогүй бололтой. Өөрсдөө ч сайн ойлгоогүй тул магадгүй багийн гишүүд овгоо сэргээх, сонгох гэж нэлээд сүүл мушгисан байлгүй, эсвэл боржигон, буриад, захчин гэсэн "овог" аль хэдийн сонгочихсон байсан байх...

Ухуулга таниулга огт хийсэнгүй. Хуучин овгоо асууж тодруулаарай, сэргээгээрэй, хугацаа нь дууслаа шүү л гээд байснаас биш яг овог гэж юу, ямар ач холбогдолтой талаар олигтой талбарлаагүй. Мөн ихэнхи хүн угаасаа сэргээх овоггүй гэдгийг тооцоололгүй хугацаагаар шахаж, баахан овог биш овог сонгуулж, дуусгасан болоод архивт өгчээ. Үнэндээ бол овог гэдэг ойлголт монголчуудын тархинаас арчигдаж, сэргээх ч юмгүй болсныг тооцох байлаа. Мөн бутач хүн яах вэ, овгоо огт мэдэхгүй хүн яах вэ, хэтэрхий ерөнхий овог сонгохын давуу сул тал, сонгох нэрний дуудлага сонсголонгийн ач холбогдол, урт богино, төгсгөл ямар байх гэх мэт маш олон зүйлийг бабэгүй зөвлөж, уужуу тайван бодуулж, зөв сонгуулах байлаа.

Миний л мэдэхээр өндөр боловсролтой, бас дээдэх үеээ сайн мэдэх ахмад хүн ч овгийн учрыг сайн ухалгүй, иргэний үнэмлэх авах хугацаанд шахагдан угаасаа хэрэглэж ирсэн жинхэнэ овгоо биш, олны жишгийг дагаад хатагин гэсэн ерөнхий овог авчихсандаа харамсаж байсан юм. Мөн нэг инээдтэй жишээ ч санаж байна. Иргэний үнэмлэх авах, овгоо сонгох хугацаа тулчихсан үед хотод байсан ах дүүс нь яаран хөдөө байсан ахмад хүн рүүгээ залгаж, ямар овог авахыг асууж. Тэгээд хэлснийх нь дагуу овгоо "Гурван зуун үхэрт" гэж сонгож, бүгд иргэний үнэмлэхээ авч, санаа амраад байтал нөгөө ахмад хүн өөр овог авчихсан байж гэнэ. Инээдтэй нь, тэр үеийн холбооны утасны чанар муугаас сул сонсогдож, "гурван дуукар" гэж хэлснийг нь "Гурван зуун үхэрт" гэж ташаа дуулж, ташраараа тэс хөндлөн овогтой болжээ. Ихэнхи хүн овог гэж нэг юм байсан, дээр үеийн уламжилсан юм л байх ёстой, тэрнийг л сэргээх ёстой гэж төсөөлж байснаас хэтэрхий хэн нэгний ам харж, эсвэл олны жишгийг дагаж дээр үеийн овог, аймгийн нэрийг баримжаалан сонгоцгоосон юм. Ингээд бүгдээрээ тал нь боржигон, үлдсэний олонхи нь хатагин, сартуул, мянгад, дөрвөд, буриад болж иргэний үнэмлэхээ авчихжээ. Зарим нь нэр гэхэд хэцүү урт сунжруу, өгүүлбэр шахуу овог сонгосон тул хариуцаж байсан газар нь балмагдаж, хэрхэн цаашид албан ёсоор хэрэглэх аргаа олохгүй тэгэсхийгээд орхисон бололтой.

Уул нь ч нийтээрээ цөөхөн овог нэр ашигладаг улс байдаг л юм байна. Жишээ нь Солонгосуудын овгийг тоолбол ердөө 250 орчим гэнэ. Тэгээд солонгосуудын 45 хувь нь Ким, Ли, эсвэл Пак овогтой. Манай боржигон хатагинтай адил мэт боловч явж ирсэн түүх, сонгосон нөхцөл, алдаа зэргээ бодвол манай хувилбар шал өөр бөгөөд албан ёсоор хэрэглэж яавч болохгүй болхи овгийн жагсаалт болсон юм.

Ингээд л овогтой ч юм шиг, овоггүй ч юм шиг болцгоож билээ.

Иргэний үнэмлэх дээр албан ёсоор дурайж байгаа ургийн овгийг өөр хаана хэрэглэхийг мэдэхгүй л байна. Ихэнхи анкет дээр овог гэсэн нэрийг бөглөхдөө аль нэрээ бичих вэ гэдэг дээр үргэлж эргэлзээ төрнө. Иргэний бүртгэл тооллого хийж яваа албаны хүн хүртэл "овог хэн бэ?" гэчихээд ургийн овгоо хэлэхэд, "..бишээ овог чинь, яагаав эцгийн нэр" гэх юм.
Гадаад анкетууд дээр бол зөрчилдүүлэхгүйн тулд гадаад паспорт дээрх нэрээ яг бичнэ. Гэтэл хааяа нэг ургийн овгийг оруулчихсан бичиг баримт хавсаргах хэрэг гарвал сандарч, хулгайч шиг хулмалзаж, яаж тайлбарлахаа бодох хэрэгтэй болно. Ууг нь миний овог нэр ийм, гэхдээ ашигладаггүй, битгий тоогоорой гэлтэй биш, ичмээр ч юм шиг байдалд орно, асуудал үүсэхгүй ичээд зогсвол их юм.

Дээхнэ үед пасспорт дээр овог(family) гэдгийг эцгийн нэр гэж бичүүлж байснаа нэг хэсэг "өөрийн нэр" болгож зөрүүлэн толгой эргүүлээд авсан. Тэр тоолонд гадаадад зорчиж буй, ялангуяа байнга оршин суугаа, дараагийн үедээ орж буй монголчууд бүр ч их бэрхшээл, асуудалтай тулгарч байгаа...Гэх мэт урсгавал нэртэй холбоотой олон асуудал, паянг гадаадад байгаа хүмүүс тоочдог юм.

За ямар ч байсан монгол хүний нэрний тогтолцоо өөрсдөө ч ойлгоход төвөгтэй, нэгэн хэмжээсгүй, нэгдсэн ойлголтгүй, ямар ч утга агуулга илэрхийлэх чадваргүй байна. Ийм болхи, замбараагүй тогтолцоо нийгмийн анхан шатны нэгж болох гэр бүлийг лав бэхжүүлэхгүй, ургийн, үндэсний ухамсрыг лав дээшлүүлэхгүй, ойлгомжгүй байснаараа нийгмийн бүтээмжийг л сааруулж байгаа.

Бид овгоо жинхэнэ утгаар нь хэрэглэж, үнэ цэнийг нь гаргаж, өөрсдийн өрсөлдөх чадварт нэмэр болгохын тулд дахин овог шинэчлэх, хэрэглэж занших кампанит ажил өрнүүлэх хэрэгтэй санагдана. Юуны өмнө овог гэж юуг ойлгох талаар өөрсдийн ойлголтоо нэгтгэж, тов тодорхой тодорхойлолт гаргаж, нийтэд сурталчилмаар. Жишээ нь, цусан төрлийн, эсвэл нэг гал голомтын, ойр төрлийн хүмүүс л нэг овогтой байна гэж чиглэл өгөх хэрэгтэй. Овог нь дуудахад сонсголонтой, нэг үгнээс бүрдсэн байх шаардлага тавих, тухайлбал Мянган адуут гэхийн оронд адуут гэж өөрчлөх. Овгийг аль болох нийтлэг нэршлээс (боржигон, сартуул, урианхай..) зайлсхийж, дахцуулахгүй авах, шинээр зохимжот нэр сонгож хэрэглэхийг дэмжих. Мэдээж энэ бүхнийг багтаасан журам, хууль гаргаж нэрний эргэн тойрон асуудлыг зохицуулсан нь зөв байх.

Олны танил хүмүүс, төр засгийн удирдагч, улс төрчид ч үлгэр үзүүлэн ургийн овгоо үлгэр жишээ сонгож, олон нийтийн дунд албан ёсоор хэрэглэж эхлэвэл сайнсан.

Овгийн зөв соёлыг тогтоож, хэвшүүлвэл дагаад уламжлалт ёс заншил, баяр ёслол, дэг жаяг, соёл зөв голдрилоор, шинэлэгээр хөгжиж, үндэсний, ургийн ухамсар, бахархал сэргэхэд маш чухал нөлөөтэй. Сонгож, аль хэдийн нэрэндээ хөдөлшгүй хадсан ургийн овгоо бид жинхэнэ утгаар нь хэрэглэмээр байна..

Доржтойн овогтой Бадрахын Найдалаа
2011-1-23

2 comments:

Anonymous said...

таньтай санал нэгтэй байна.овгоо мэдэхгүй эсвэл хулгайч,хорхой нүдтэн согтуу мэтийн овогтой хүмүүс шинээр зохиохоос өөр аргагүй.гэхдээ франц 13-р зуунаас овог хэрэглэж эхэлсэн гэхэд ямаа нохой овогтой күмүс байдаг

Chimgee said...

Тэр зовлонг чинь биеэрээ амсч байна. Монгол бичиг баримт гадаад хэл рүү орчуулахад али нь юу болохыг нь тайлбарлах гэж бүр зовчих юм. Сүүлдээ бүр толгой эргээд өөрөө ч ойлгохоо болилоо. :-(