Хятадын зохиолч Жиан Рун-ны "Чонон сүлд" романыг амтархан уншлаа...
Амтархан гэдэг нь үнэндээ уран зохиолын уран аялгуу яруу сайханд биш бичсэн агуулгын утга учирт юм. Энэ зохиолын үйл явдал, өрнөл, бичлэг нь тийм ч сүртэй, сонирхолтой, уран яруу санагдсангүй. Харин агуулга дахь үйл явдал, өрнөл, илэрхийлж буй санаа, философи нь яг бидний тухай өгүүлсэн тул олон зүйлийг бодогдуулж, өөр "ямар шинэ мэдлэг, философийн санаа нэмэх бол" гэсэн хүлээлт номыг уншиж дуустал сонирхлыг минь татсаар байлаа.
Энэ зохиолын гол баатар Чень Жень гэдэг Бээжингийн оюутан залуу хэсэг үеийнхний хамт Мао-гийн соёлын хувьсгал, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын хүрээнд малчин өрхөд "туслах"-аар алслагдсан Өвөр монголын хөдөө талд цөлөгдөн ирнэ. Монгол улстай хил залгаа газар нутагладаг Билиг өвгөнийд туслах хоньчноор ажиллан, яг л тал нутгийн монгол хүний амьдралаар хэдэн жилийг өнгөрөөдөг. Билэг өвөө Чень Женьд өөрийн хүүхэд шиг дотно хандах бөгөөд тал нутгийн соёл, хүн амьтан, уул усны хоорондын шүтэлцээний тухай харамгүй зааж ойлгуулна. Өвгөн зохиолын баатарт биш, яг л надад (над шиг олон уншигчид..?) зааж өгч байгаа мэт, тэр нь энгийн хэрнээ бидний (монгол хүүхдийн) заавал мэдсэн байх ёстой "мэдлэг" байсан нь энэ номны бидэнд өгөх гол үнэ цэнэ гэж бодож байна.
За ингээд жинхэнэ тал нутгийн сүүлчийн өвгөдийн төлөөлөл болох Билэг өвөөгөөс олон юм сурч, ойлгож авсан гол баатар маань суурин хятад ба нүүдлийн монгол соёлын ялгаа, давуу сул талыг илүү ухаарна. Бүр цаашлаад хэдэн мянган жилийн турш оршсон нүүдлийн ба суурин иргэдийн хоорондын тэмцэл, тулааны учгийг хонь, чоно, зээр зэрэг амьтадтай зүйрлэн өөрөө өөртөө тайлж, танин мэдэж буй тухай гарна. Хятад ба монгол соёлыг аль алийг нь таньж мэдсэн хятад хүний хийж буй дүгнэлт тул сонирхолтой.
Энэ үед соёлын хувьсгалын бас нэгэн давалгаа гарч тал нутгийг хоцрогдлоос нь ангижруулж, хөгжүүлэхээр бригад бригаадаа суурин иргэд тал нутагт ирж суурьшина.
Чень Жентэй хамт илгээлгээр ирсэн хятад оюутнуудын ихэнхи нь тал нутгийг "хөгжүүлэх" төр засгийн бодлогыг уриа хашгиран дэмжиж, гардан зүтгэнэ. Гэтэл Билиг өвгөний ачаар тал нутгийн соёл, үнэ цэнэ, учир гарвалыг нь ухах болсон гол баатар нүүдлийн соёлын төлөө зүрх нь цохилж, идэвхтэй бус ч тэмцэж буй тухай гарна...
Буман хятад түмэн жилээр шавааралдсан газар болох Бээжингийн тагзанд төрж, шавар дунд өссөн хятад залуу ингэж ойлгон сонирхож байхад нүүдлийн гэрт биш ч монгол ахуйд төрж өссөн мань мэт нь шимтэн сонирхохоос аргагүй сэдэв юм. Энэ номноос би лав нүүдлийн ахуй, соёлын талаар хагас дутуу ойлгож байсан зүйлсээ сая заримыг нь гүйцээн ойлгов, зарим ойлгомжгүй, дотроо зөрчилтэй мэт байсан зүйлсээ ухаж авлаа. Бидний өвгөдөөсөө сонсож, анзаарч, тэмдэглэж, ухаарч авалгүй өнгөрчихсөн зүйлийг бидэнд зориулсан мэт тэмдэглэж, уран сайхан зохиол болгон хүртээл болгосон хятад зохиолчид монголчууд бид талархахаас өөр аргагүй.
Чоно гээч амьтныг өнөөгийн монгол залуус бид зүгээр л домгоор хий хоосон шүтэж, бие биенээ дууриан авлаж, зугаагаа гаргах төдий ажээ. Зөвхөн чонон сүлд биш өвөг дээдсийн маань мянган мянган жил дамжуулан боловсруулж ирсэн соёл ахуй, шүтээн, тал нутгийн нүүдлийн соёл иргэншил, үнэт зүйлсээ энэ мэтчилэн үгүйсгэн сүйтгэж, сүйтгэж байгаагаа хөгжүүлж байна гэж эндүүрч байгаа юм биш байгаа гэсэн зовнил төрж байна. Үнэхээр ч уул уурхайд өртөж орвонгоороо эргэсэн газар шороо, сүргийн бүтэц болон даац нь хэтэрснээс тэнцвэр нь алдагдаж, нүдэн дээр дахин сэргэхгүйгээр цөлжиж байгаа бэлчээр нутаг гэх мэт эргэн тойрон болж байгаа үйл явдал, өрнөлийг харахаар бид аль хэдийн устгах ажлын дунд нь орчихсон мэт санагдана.
Өөрсдийгөө хэн гэдгээ таньж мэдэх, ямар буруу зүйл бид хийж, ямар үр дүнд хүрч болзошгүй гэдгийг хоёрдмол утгагүй шууд илэрхийлсэн зохиол тул өнөөгийн монголчуудын хувьд асар их мэдлэг, сургамж өгсөн, гайхамшигтай цагаа олсон зохиол гэж бодож байна. Иймээс энэ зохиол манайд мөн бестселлер болон олон хүний хүртээл болж, олон зүйлийг таниулан ухуулж, хөдөө аж ахуй, бэлчээрийн талаар баримтлах бодлогод тусгалаа олоосой гэж үнэнгээсээ хүсч байна.
Монголчууд суурин амьдарч эхлээд 50-иад жил боллоо. Гэсэн хэдий ч яаж ч хичээгээд суурин соёл иргэншилд дасч бүрэн "иргэнштлээ" удаж, нэлээд юм үзэх нь ойлгомжтой гэдэг нь тодорхой болж байдаг. Өмнөх өвгөдөөс өвлөсөн нүүдлийн соёл ахуйгаа гээж, устгаж, аль ч биш болсон цагт монгол хүний имиж, үнэ цэнэ, соёл ямар хэмжүүрээр хаана нь байх болж байна аа. Бид сэтгэхүйн хувьд заавал бүрэн суурин болох гэж, европын хотын хүүхэн шиг, хятад тосгоны авгай шиг, япон албан хаагч шиг боддог, хийдэг, бөхөлздөг болох гэж дүр эсгэж, тэмүүлэх хэрэг байна уу? Бид өөрсөддөө байгаа үнэт зүйлсээ бүрэн устахаас нь өмнө олж, цоо шинэ бусдаас ялгарахуйц соёлын өнгө бүрдүүлж, хэвшүүлэх хэрэгтэй биш үү.
Улам бүр дэлгэрч байгаа даяаршлаас зайлахгүй нь лав тул монголчууд бид ямар ч байсан бусдаас ялгарах дүртэй, ялгарах соёлтой, ялгарах бодолтой байсан цагт шинээр хөгжин мандаж чадна.
...Номны үйл явдлыг энд нэмж нуршаад хэрэггүй биз. Ямар ч байсан тал нутаг ердөө хэдхэн жилийн дотор цөл болон хувирч, дахин хэзээ ч сэргэхгүйгээр сүйрэн мөхөж, хүн ард нь хэн ч биш болон хувирдаг. Энэ дүр зураг бидний ойрын ирээдүйг зөгнөсөн байх магадлалтай нь л аймшигтай. Хэдхэн жилийн дараа бид нүүрс зэсээ зөөсөөр баян болсон байх ч нүдээ бэлчээх талгүй, майхнаа хатгачих ширгэгүй, хутгаад уучих гол горхигүй элсэн цөлд монгол монгол ч биш, хятад хятад ч биш, орос орос ч биш, япон бол бүр биш, дэлхийгээр нэг тэнүүчилсэн, бие биенийхээ иргэншээгүйг гайхаж доош нь хийсэн ард түмэн болсон байхвий дээ.
Ямар ч байсан уншиж амжаагүй бол энэ номыг олж уншаарай, олон юмыг гүйцээж ойлгоно доо...
Б.Найдалаа
2010-11-30
1 comment:
Нүүдлийн соёлыг хоцрогдсон гэж үздэг мянга мянган Монголчууд,Монголын залуу үе бий болчихоод, гадны сэтгүүлч нар аятай өөрсдийн ахуй соёлоо ядуу, муухайгаар нь харьцуулан дуудах болов.
Зуны дэлгэр цагт хот суурингийн сургуулийн сурагчдыг малчны хотхонд аваачиж амьдралын сайхныг мэдрүүлмээр....
Post a Comment