Бид бүгд одоо нийтээрээ аль болох "улс төржих" ёстой гэсэн нэг тийм бодол үнэмшил сүүлийн үед төрөх боллоо. Энэ одоо нөгөө "улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэсэн үгийн ёрлол уу, миний солиорол уу...мэдэхгүй. Гэхдээ улс төржинө гэдгийг нийтээр тогтсон ойлголтоос арай өөрөөр тайлбарлах гээд байгаа юм шүү. Түрүүн Жаг ба Амараагийн хэлцээд байсан хүн амын тооллогын болхи систем (Tsahimurtuu сүлжээнд хэлэлцсэн..) бий болох орон зай яагаад үүсч байгааг, тэрийг яаж нөхөх вэ, дээр нь яаж энэ улс төр, нийгмийн менежментийг хурдан цэвэршүүлж, сайжруулах вэ гэдгийн нэг хариу энд байгаа мэт санагдаад байна. Энэ бол судалгаа шинжилгээн дээр суурилсан шинжлэх ухаанч гаргалгаа биш, зүгээр л энэ нийгэм дотор амьдарч байгаа жирийн нэг нөхрийн "толгойд харвасан" хувийн ажиглалт, таамаг гэдгийг андууд болгоож өршөөнө бизээ.