2010-12-23

Бирдийг устгах "МАХН"-ын тунхаг уриаг үзээд бичив

Бирдийг илрүүлсэн, устгахыг уриалсан тунхагийг эндээс үзлээ:
http://www.orloo.info/readfull/politics/6100-2010-12-21-05-18-53

Надад бол энэ бирд гэсэн сүртэй нэртэй зүйл сонирхолтой санагдсангүй...Харин ч өөрсдийгөө илчлээд, дээр нь олон түмний толгойг эргүүлж, хий хоосон бужигнуулж улс төрийн ашиг хонжоо хайж байга нэг хоосон өгөөш л гэж итгэлтэй бодож байна. Бид иймэрхүү зүйлд хууртахаараа л нэг болсон. Дунд нь нэг л үнэн байгаа, тэр бол бидний байгаа бодит байдал. Бидэнд болохгүй зүйл зөндөө л байна, авлига байна, асуудал байна, дурьдаад байгаа юмнууд байна... Гэтэл тэрийг үе үе сүржигнүүлээд популист нэр өгөөд хэвлэл мэдээллийн зэвсгээр дамжуулан ард түмнийг хуйлруулан, талцуулаад анхаарлыг нь сарниулж, өөрсдөө нэг нүүдэл хийх гэсэн хуучирсан арга барил л байна.

Жишээ нь энэ УИХ гишүүн сүрэг бирдүүд дотор байгаагаа гэнэт мэдэв үү? эсвэл өөрөө хүн болчихсон бирд юм уу? бирд гэж яг хэнийг хэлээд байгаа нь тодорхойгүй, яг яаж тэмцэх гээд байгаа нь тодорхойгүй, ерөнхий бөөрөнхийлсөн, масс ард түмэнд зориулж хийсэн жүжиг тунхаг л юм даа...өмнө нь яагаад бирдтэй тэмцдэггүй, бирд байгааг хэлдэггүй байсан юм бэ? одоо бирд илрүүлсэн болж жүжиглээд, нэг оноо авч улс төрийн ашиг л олох юм биздээ, дараа нь бирд гэж юу хэлээд байснаа ч мартана, энэ бол найдвартай.

Энэ жижигхэн трюк-д автаж "бирд намнаач" болоод бирд бурхныг нь ялгахгүй галлаад, даган баясаад байвал харин ч бирдүүдийг өөгшүүлэх, болхи тогтолцоог хөхүүлэн дэмжих байх аа...Миний бодлоор бид (бид бүгд, олон нийт) иймэрхүү жижиг тоглоомуудыг доромжлол гэж үзэж үл тоож байх хэрэгтэй. Харин улс төр дотор байгаа бирд, авилгач, хулгайч, бурхад, боловсротой, үнэн зүтгэлт хүмүүсийн хольцыг өөрчлөх, зөв харьцаатай болгох, тогтоод байгаа соёлыг өөрчлөх тал дээр хичээж, хортой хэсгийн "концентрац"-ийг багасгах, нөлөөг аажмаар үгүй хийх талаар зорьвол хамгийн зөв гэж бодож, итгэдэг болсон. Түүнээс биш нийгмийн байгууллыг өөрчлөх гэж байгаа биш, бидэнд одоо ийм сүржин тэмцлүүд, хувьсгалууд шаардлагагүй, бид зөв чиг рүү бол аль хэдийн гарсан.

Бид одоо нийгмийн удирдлагын соёлыг өөрчлөх хэрэгтэй байгаа тул аажмаар, уусгах, сайжруулах тактик зөв юм. Ингэхийн тулд сонгуульдаа хариуцлагатай орох хэрэгтэй, боломжтойнууд нь өөрсдийгөө бирдний тугал гэж бодохгүй байгаа бол улс төр рүү орох, оролцох хэрэгтэй, хоосон шүүмжилснээс гар, бие зориулах хэрэгтэй, бирдний концентрац-ийг бууруулах хэрэгтэй, одоогийн соёлыг нь эвдэх хэрэгтэй, аль болох олон бирд биш залуус улс төр рүү орох хэрэгтэй гэж боддог болсон шүү...ингэлээ гээд бидний үед цэвэршиж амжихгүй л дээ, бид өөрсдийгөө үрж дуусгаад дараа дараагийн үед л жинхэнэ бирдний сүрэг хумигдаж, нөлөө нь багасч, цэвэршинэ.......гэх мэт өмнөхөөс "өөр" бодлууд байна.

Б.Найдалаа
2010-12-23

No comments: