2010-12-23

Улс төрж

Бид бүгд одоо нийтээрээ аль болох "улс төржих" ёстой гэсэн нэг тийм бодол үнэмшил сүүлийн үед төрөх боллоо. Энэ одоо нөгөө "улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэсэн үгийн ёрлол уу, миний солиорол уу...мэдэхгүй. Гэхдээ улс төржинө гэдгийг нийтээр тогтсон ойлголтоос арай өөрөөр тайлбарлах гээд байгаа юм шүү. Түрүүн Жаг ба Амараагийн хэлцээд байсан хүн амын тооллогын болхи систем (Tsahimurtuu сүлжээнд хэлэлцсэн..) бий болох орон зай яагаад үүсч байгааг, тэрийг яаж нөхөх вэ, дээр нь яаж энэ улс төр, нийгмийн менежментийг хурдан цэвэршүүлж, сайжруулах вэ гэдгийн нэг хариу энд байгаа мэт санагдаад байна. Энэ бол судалгаа шинжилгээн дээр суурилсан шинжлэх ухаанч гаргалгаа биш, зүгээр л энэ нийгэм дотор амьдарч байгаа жирийн нэг нөхрийн "толгойд харвасан" хувийн ажиглалт, таамаг гэдгийг андууд болгоож өршөөнө бизээ.

Ажиглаад байхад Монголд "улс төрийн" ба "бусад" гэсэн хоёр том олонлог, тогтолцоо оршиж байна. Үүнээс хамгийн гол хөдөлгөгч, өнөөдрийн амьдралын бүхий л өнцөгт хүрч нөлөөлдөг нь улс төрийн нүсэр том олонлог, пирамид байх шиг. Энэ эргүүлэг нийгмийн голд оршиж, бүхий л эргэн тойрныхоо зүйлсийг дагуул мэт эргүүлж, хэтэрхий гэмээр тодорхойлж, нөлөөлж байна. Улс төрийн эргүүлгээс гадна байх нийгмийн хэсэг энэ эргүүлгийн нэлээд хол тойрог замд эргэсэн газар нь эргэж, зогссон газар нь зогсож, бүрэн нөлөө, хяналтад нь байгаа хэрнээ тэр эргүүлэг дотор юу болдог, хэн байдаг, асуудлыг яаж шийддэг гэдгийг мэддэгүй, хий л үглэж үндэстэй үндэсгүй шүүмжилж, буруутгаж, тэгсэн хэрнээ бодлого тодорхойлогчдийг нь дахин дахин сонгож суудаг.

Тэр "улс төрийн" том эргүүлгийн дотор хараад байхад нэг бол их баян хүмүүс, нэг бол юу ч үгүй хүмүүс байх шиг. Баян гэдэг нь өөрсдийнх нь тодорхойлж байгаагаар "биеэ төгс боловсруулж, гэрээ тохижуулчихаад байгаа", одоо харин төрөө засах гэж байгаа хүмүүс. Нөгөө хэсэг нь боловсрол гэхээр юмгүй, ажлын тодорхой туршлага, түүх байхгүй, эрүүл өрсөлдөөнөөр тодорхойлогдсон хувийн цэвэр үнэ цэнэ тодорхойгүй, багаасаа улс төрийн идэвх гаргаж, хэн нэгнийг дагаж, сонгууль болон юунд нь ч хамаагүй гүйж оноо цуглуулж, албан тушаал авсан, эсвэл очероо хүлээж байгаа завтай, цагтай залуус. Бүгд биш гэхэд ихэнхи нь иймэрхүү.

Улс төрийн эргүүлгийн гадна байгаа хүмүүс нь хэн бэ? нийт масс ард түмэн, улс төр сонирхдоггүй, эсвэл сонирхох сэхээ зав байгаагүй, мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэд, гадаадад сурч амьдарч байгаа хүмүүс, ихэвчлэн хоёр идэхгүй хоосон хонохгүй түвшний жижиг дунд бизнес эрхлэгчид, нийгмийг үүрч байгаа хүмүүс.

За тэгээд энэ улс төрийн том эргүүлэг нийгэмд болж буй бүх зүйлд гар дүрнэ, оролцоно. Энэ том пирамид дотроос хөөцөлдсөн ажил, бизнес илүү бүтэмжтэй, амжилттай, албан тушаал, карьер илүү хялбар, дардан. Хааяа хэрэг гарвал эргүүлгийн дотор буй улс төрчид эргүүлгийн гадна байгаа масс ард түмнийг хуйлруулан популист жүжиг зохион байгуулна, улс төрийн ашиг хонжооны төлөө бие биетэйгээ нүүдэл хийнэ.

Нэг иймэрхүү л дүр зураг харагдаад байна.
Энэ тогтолцоог шүүмжлээд, муухайг нь гайхаад, бирд, эсвэл аалзны тор хайгаад, тэрийг хайж байгаа, олчихоод байгаа гэж сүржигнэх нөхдийг дагаж савсагнаж, ажил албаа алдацгаагаад хэрэггүй дээ. Бидэнд одоо хувьсгал хэрэггүй, бид аль хэдийн зөв зам дээрээ гарсан...мөн авилгал, аалзны тор байгаа бол тэрийг гэнэтхэн нэг хүн, нэг хүчин сүржин гарч ирээд илрүүлээд, зарлаад, устгаад хаячихдаг зүйл биш.

Тэгэхээр энэ улс төрийн пирамид нийгмийн бүх асуудалд хэтэрхий нөлөөлж, бүх зүйлийг улс төртэй хутгаж, улс төрийн тогооноос бүгдийг шийддэг, улс төрийн оролцоогүйгээр ажил бизнес явдаггүй энэ тогтолцоог яаж өөрчлөх вэ? Нэг нь цойлж гараад шийдэхгүй, уухайлж дайраад шийдэгдэхгүй.

Миний бодлоор энэ тогтолцоо аажмаар өөрчлөгдөж, зөв голдрил руугаа чадан ядан, итгэлтэй бус ч явж л байгаа. Тэгэхээр тэр явцыг нь хурдасгая, найдвартай болгоё. Ингэхийн тулд бид бүгд улс төржих хэрэгтэй. Улс төржинө гэж байгаа нь 90-ээд онд байсан шиг нам болж гэр бүл дотроо хүртэл талцаад, онол ярьж маргалдаад, үнэн худлаа мэдэхгүй бие биеэ гүтгэх, мэтгэх, цуурах, улаан цагаан болохыг хэлж байгаа юм биш шүү.

Улс төржинө гэдгийг улс төрийн идэвхтэй байж, сонгуулиа хариуцлагатай өгдөг болцгооё, аль болох зөв хүнээ сонгож байцгаая, боломжтой нэг нь хий хоосон шүүмжилж, аалзны тор олсон тухай худлаа тоглоомонд үнэмшиж цагаа барах биш харин өөрсдөө идэвхийлэн улс төрийн тогоонд орж, дуу хоолойгоо гаргаж, улс төрийн эргүүлгийн дүрэм соёлыг зөв чигт залах, хэвшүүлэхэд хувь хэмрээ оруулцгаая гэсэн санаа юм. Арай өөрөөр илэрхийлвэл, дээр бичсэн улс төрийн эргүүлгийн доторх өрсөлдөөнийг ширүүн болгоё, мэдлэг чадвар хомс, бирд болох магадалтай нөхдүүдийг гишгэх газаргүй болтол нь тэр эргүүлгийг боломжтой залуус дүүргээрэй гэсэн үг юм. Тэгэж байж л аажимдаа тэр эргүүлэг зөв гольдрилдоо орж, авилгал, аалзны тор багасаж, эрүүл засаглал руу хурдан дөхнө гэж бодож байна.

Иймд бүгд шинэ өнгөөр "улс төржиж", сонгуулиа хариуцлагатай өгч, залуус хоосон шүүмжлэх биш ханцуй шамлан улс төр доторх өрсөлдөөн, шалгарлыг ширүүн болгохын төлөө хичээх хэрэгтэй мэт бодогдоод байна. Монгол бол засаглалын агуу түүхтэй, бат суурь бүхий үндэсний үзэл баримтлалтай, иргэд нь өөдрөг хийморьтой, золбоолог тул колонийн хил заагаар үүссэн африк, латин америкийн улсуудын замаар явахгүй, тэдэн шиг хэзээ ч болохгүй гэдэгт би итгэдэг. Харин энэ хөгжлийн эхний үеийн нүхнээс хурдан гарахын тулд, улс төр дотор цохиж яваа "сул" нөхдийг хурдан шахаж, болхи соёлыг удамшуулан хэвшүүлчихгүйн тулд аль болох олон "сул биш" залуус шууд болон шууд бус утгаар улс төржөөсэй.


Б.Найдалаа
2010-12-23

1 comment:

Unknown said...

Ерөнхийлөгч Элбэгдоржийн яриад байгаа "Швейцар ардчилалын" тогтолцоог туршаад үзэхэд гэмгүй санагдана. Швейцар шиг хэдийгээр иргэдийн боловсролын (болон хариуцлага, ухамсрын)өндөр түвшин шаардлагатай ч манайх шиг цөөн хүн амтай улсад иймэрхүү бэлэн туршлагыг хуулахад болохгүй газаргүй. Орон нутагт, иргэдэд илүү эрх шилжүүлэх......