2012-12-19

Хадгаламжийн даатгал санхүүгийн системийг бэхжүүлэх үү?


Хадгаламжийн даатгалтай холбоотой төрж буй зарим бодол, саналаа товч тэмдэглэл маягаар буулгалаа. Энэ бичвэр тухайлсан судалгааны ажил, эсвэл тогтолцоог тэр чигээр нь шүүж, асуудлыг томоор авч, базаж дүгнэх зорилготой тулхтай ажил, нийтлэл биш гэдгийг ойлгохыг хүсье. Хуулийн заалт, тогтолцооны бүтэцтэй холбоотой зүйлс руу хутгалдсангүй, ерөнхий бөгөөд товч бодлоо бичив. Ажиглахад, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар олон жил
ярьж буй боловч мэргэжилтнүүд, хууль тогтоогчид, санхүү банкныхан, улс төрчид болон бусад нийгмийн оролцогчид хадгаламжийн даатгалын талаар мэдээлэл муутай, буруу зөв хүлээлт, төсөөлөлтэй байгаа нь мэдэгдэж байна. Энэ асуудлаар зөвхөн хуулийн төсөл боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд, хуульчдаас гадна бусад олонлогууд нээлттэй ярилцаж, хэлэлцэх нь тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд тустай байх болно.

Дэлхий дээр 100 гаруй улс аль хэдийн иргэдийн хадгаламжаа даатгадаг бөгөөд ийм даатгалын тогтолцоотой болохоор 30 гаруй орон ид ажиллаж байгаа ажээ.
Эндээс үзэхэд, дэлхийн улсууд, тэр дундаа хөгжиж буй, санхүүгийн систем нь бүрэн цэгцэрч хөгжсөн эсэхээс үл хамааран олонхи нь хадгаламжийн даатгалын тогтолцоонд аль хэдийн шилжсэн, эсвэл нэвтрүүлэхээр зорьж буй нь нэгэнт тодорхой болж байна. Энэ бол бодитой өрнөж буй хандлага юм.

Ямартаа ч Монгол Улс банкин дах хадгаламжаа даатгадаг тогтолцоог нэвтрүүлэх нь тодорхой бөгөөд дээр дурдсан байж болох сөрөг талыг давуу талууд нь даван гарах байх гэж найдаж байна. Одоо анхаарах нэг зүйл бол энэ хуулийн зарим бүрхэг заалтыг тодруулж, хэрэгжүүлэх талуудад маргаангүй, хялбар байхаар няхуур батлах, мөн мэдээлэл, сурталчилгааг сайн хийх нь маш чухал юм. Зарим орны туршлагаас үзвэл хадгаламжийн хязгаарлагдмал даатгалын тогтолцоотой хэдий ч яг хямралт нөхцөл нүүрлэсэн үед даатгасан даатгаагүй бүгдийг нөхөн олгохоос аргагүй байдал үүсэх, эсвэл яаралтай даатгах хэмжээг нэмэгдүүлэх, бүр 100 хувь даатгахаар хуульд өөрслөлт оруулах гэх мэт нөхцөл үүсч байжээ. Ийм нөхцөлд орчихгүйн тулд иргэдэд даатгалын мөн чанар, хамрах хүрээг зөв ойлгуулж, хүлээх эрсдэл, хариуцлагыг анхнаас нь ухааруулах нь чухал юм. 



Гэхдээ улс орнууд энэ тогтолцоог шуурхайлан нэвтрүүлж буй үндсэн шалтгаан юу? Хадгаламжийн даатгалын тогтолцоо үнэхээр санхүүгийн системийн тогтвортой байдалд бодитой хувь нэмэр болж, хөгжлийг түргэтгэдэг үү? Энэ тогтолцоо үнэхээр шаардлагатай зүйл үү, эсвэл дэлхий нийтийн моод, жишиг үү? Эдийн засгийн хөшүүрэг, хэрэгсэл үү, эсвэл зүгээр улс төрийн тоглоомын зэмсэг, хамгаалалт уу?

Аливаа даатгалын тогтолцоо нь эрсдэлийг бууруулах, эрсдэл хүлээгчдэд хуваан үүрүүлэх, нийтийн буюу системийн хоосрол, хямралыг хохирол багатай даван туулахад зориулалттай байдаг. Хадгаламжийн даатгалын тогтолцооны үүрэг ч мөн адил, иргэдийн хадгаламжийг банк дампуурах эрсдэлээс хамгаалах, нэг банкны хямрал нөгөөд халдахгүй байхаас хамгаалах үндсэн зорилготой. Гэхдээ энд нэг том зарчмын ялгаа байгаа нь даатгалын хураамж, эрсдэлийг хамгаалуулж буй хадгаламж эзэмшигчид биш, харин мөнгийг хадгалж буй банкууд хуваан үүрч, дээр нь төр эрсдэлийг нь давхар даатгаж байгаад юм.

Ямар ч байсан Монгол Улс хадгаламжийн даатгалын тогтолцоотой болохоор бараг 10-аад жил судалж, ярилцаж, зангасны эцэст хуулийн төслийг батлахаар УИХ одоо ид хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд зааснаар нийт хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламжийг албан даатгалд хамруулж, даатгалын шимтгэлийг банкууд тусгай санд төвлөрүүлэх юм. Гэхдээ банк дампуурч асуудал үүслээ гэхэд 20 сая хүртэлх төгрөгийн хохирлыг л нөхөн олгоно. Монгол улс шиг хүн амын орлогын ялгаа нэмэгдэж байгаа, хадгаламжийн төвлөрөл ихтэй газар 20 сая хүртэл төгрөг гэдэг нь нийт хадгаламж эзэмшигчдийн бараг 99 хувь болж таарч байгаа юм.
2008 оны хямралын үед баталсан бүх хадгаламжид төр баталгаа гаргах тогтолцоо нь хамрах хүрээ, хямралын эсрэг үйлчлэх нөлөөний хувьд хамгийн сайн гэж болохоор. Гэвч энэ арга бол зөвхөн онцгой нөхцөлд л түр хэрэглэх зүйл бөгөөд үнэхээр хямрал болсон тохиолдолд төр 100 хувь хариуцах учир улсын төсөвт ачаалал үүсгэх эрсдэлтэйгээс гадна арилжааны банкуудад ч илүү өртөг зардалтай тусахаар байгаа юм. Иймээс, одоо нэвтрүүлж буй даатгалын тогтолцоо харьцангуй бага шимтгэлээр хадгаламж эзэмшигчдийн ихэнхийг даатгаж, хамгийн гол нь эрсдэлийг төр бүтэн даах биш банкуудад хуваан үүрүүлснээр хямралыг төрөөс хамааралгүйгээр банкны систем өөрөө даван туулах санхүүгийн дотоод чадавхийг нэмэгдүүлнэ.

Тодотгоход, хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтэрснээр төр засаг, арилжааны банкууд, хадгаламж эзэмшигчдийн дунд бүрхэг байдалтай байгаа үүрэг хариуцлага тодорхой болж, эрсдэлээ хэрхэн хуваах нь ил болж байна. Үүнээс хойш хямрал болж банк дампуурсан тохиолдолд буруу зөв үндэслэлээр жагсаж, төрөөс дураар мөнгө, хариуцлага нэхдэг болхи тогтолцоог халах нь энэ шинэ хуулийн хамгийн ололттой, дэвшилттэй зорилт болно.
Гэвч, нөгөө талаас нь бодож үзвэл, хадгаламжийн даатгалын хуулийг баталж, тогтолцоог нэвтрүүлснээр Монголын санхүүгийн системд ямар нөлөө үзүүлж болох талаар дараах хэдэн тээнэгэлзэл байна.

Хадгаламжийн даатгал банкны хямралаас хамгаалж чадах эсэх. Хадгаламж эзэмшигчдийн 99 хувь даатгалд хамрагдахаар байгаа боловч хадгаламж эзэмшигчдийн 1 хүрэхгүй хувь хадгаламжийн дийлэнхийг эзэмшиж байна. Тэдний хөрөнгө банкны эх үүсвэрт чухал нөлөөтэй хэвээр хэрнээ дийлэнхи нь даатгалд хамрагдахгүй юм. Иймд, хямралт нөхцөл үүслээ гэхэд банкны системийн эх үүсвэрийн тогтвортой байдалд даатгалын хууль жинтэй эерэг нөлөө үзүүлж, банкны хямралаас хамгаалж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр, хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн системийг гэхээсээ илүү хадгаламж эзэмшигчдийг, тэр дундаа онцгойлвол жижиг хадгаламж эзэмшигчдийг л хамгаалах зорилготой юм. Яахав, даатгал нэг банкны хямрал нөгөөд халдварлахаас сэргийлнэ гэсэн үндсэн нэг зорилготой боловч цөөн хэдэн банкинд хадгаламж төвлөрсөн, хүн ам нэг газар бөөгнөсөн, харьцангуй жижиг зах зээлийн хувьд энэ “өрсөн даалуу”-ны нөлөөний аюул харьцангуй бага билээ.

Хадгаламжийн даатгал зах зээлийн эрсдэлийн мэдрэмжийг үгүй хийнэ. Хадгаламж эзэмшигчдийн 99 хувьд хаана мөнгөө хадгалуулах, банк сайн муу байх нь огтхон ч сонин биш болох нь. Ард иргэдийн амгалан тайван байдлыг хангасан сайхан тогтолцоо мэт боловч энэ маш осолтой нөхцөл юм. Ялангуяа зах зээлийн ямар ч суурь хөгжилгүй, төвлөрсөн төлөвлөгөөт сэтгэхүй бат суусан манайх шиг нийгэмд энэ санаснаас ч илүү хортой байж болно.

Зах зээлийн үндсэн зарчим бол эрсдэлээ мэдэрч бие даан шийдвэр гаргах юм. Хялбар илэрхийлбэл, ашгийн төлөө улангассан хүслийг эрсдэл гэдэг зүйл хязгаарлаж, эрүүл шийдвэр гаргуулдаг. Тэгэхээр эрсдэл, айдас, болгоомжлол үгүй болвол иргэд хадгаламжаа аль өндөр хүү амласан, эсвэл аль гоё сурталчилгаатай, аль гэрийн ойр банкийг сонгож эхлэнэ гэсэн үг. Ийм хандлага, үзэгдэл санхүүгийн салбарыг бэхжүүлэхэд нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Нөгөө талаас бодоход, сүүлийн үед түгээмэл болоод буй бүхий л зүйлийг төрөөс нэхэж, жагсаж байгаад ч хамаагүй салгадаг, хувийн, бие даасан, хариуцлага сул сэтгэхүйг өөрчлөх биш бүр өөгшүүлэх нь нийгмийн хөгжилд зөв зүйл эсэх нь эргэлзээтэй.

Хадгаламжийн даатгал банкуудын хөгжилд түлхэц болох уу, түгжээ болох уу? Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь менежмент муу банк ба менежмент сайн банкны ялгааг үгүйсгэж байгаа нь салбарын хөгжилд хүсээд байх зүйл огт биш юм. Ингэснээр банкууд эрсдэлээ удирдах сонирхол, хөшүүргийг саармагжуулж, унтаа байдалд оруулж болох тул эргээд нийт салбарын эрсдэл даах чадварыг нийтээр нь аажим бууруулдаг байна. Яг ийм үндэслэл, болгоомжлолоор зарим улс, тухайлбал Шинэ Зеланд, Австрали улсууд хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлээгүй харзнаж байгаа ажээ.

Мөн зарим судалгаагаар хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн системийг хямралаас сэргийлэх биш, харин бүр эсрэгээр хямралыг даллан дууддаг гэсэн дүгнэлт гарсан байна. Эндээс үзэхэд, хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг зүйл ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр хуулж авч хэрэглэх зүйл биш. Хадгаламжийн даатгалын хуулийг шуурхай батлан, тогтолцоог нэвтрүүлснээр санхүүгийн системийн хөгжил нэг шатаар ахиж, хөгжиж байна гэж бардамнахаар юм бүр биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Нийгмийн эрсдэлийг бизнесийнхэнд үүрүүлэх цаг мөн үү? Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлснээр хямралаас үүсэх хохирлыг төр засаг 100 хувь даалгүйгээр, хувийн хэвшил, банкуудад хувааж үүрүүлж буй хэрэг билээ. Ингэснээр мэдээж улсын төсвийн ачаалал буурч, хямралыг даван туулахад гарах үл ойлголцол, хүлээлтийн зөрүүг багасгаж, хүндрэлийг багасгах болно. Гэхдээ ингэж төр засаг яаран өөрийн ачаагаа бүрэн бэхжээгүй, тэртэй тэргүй эрсдэлт орчинд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, бизнес, банкуудад үүрүүлэх нь цагаа олсон шийдэл эсэх нь эргэлзээтэй. Бизнесийн бүтээгдэхүүний шууд өртгийг нэмж, шударга өрсөлдөөнийг хумиж, нөгөө улигт асуудал болох зээлийн хүүг буруулахад бас нэгэн дарамт болох биш бишүү гэсэн эргэлзээ байна.

Хадгаламжийн даатгал бол бэлэн мөнгө тараахтай логикийн хувьд ойролцоо, яг бас биш ч бас л нэг төрлийн нийгмийн халамжийн хэлбэр юм. Иймд, чөлөөт нийгэмд иргэд, байгууллага бүгд ижил үүрээд явж байх ёстой эрсдэлийг бизнесийн байгууллагуудад тэгшитгэж хуваарилаад, нэмээд үүрүүлэх нь зөв эсэх нь асуулт.

Ямартаа ч Монгол Улс банкин дах хадгаламжаа даатгадаг тогтолцоог нэвтрүүлэх нь тодорхой бөгөөд дээр дурдсан байж болох сөрөг талыг давуу талууд нь даван гарах байх гэж найдаж байна. Одоо анхаарах нэг зүйл бол энэ хуулийн зарим бүрхэг заалтыг тодруулж, хэрэгжүүлэх талуудад маргаангүй, хялбар байхаар няхуур батлах, мөн мэдээлэл, сурталчилгааг сайн хийх нь маш чухал юм. Зарим орны туршлагаас үзвэл хадгаламжийн хязгаарлагдмал даатгалын тогтолцоотой хэдий ч яг хямралт нөхцөл нүүрлэсэн үед даатгасан даатгаагүй бүгдийг нөхөн олгохоос аргагүй байдал үүсэх, эсвэл яаралтай даатгах хэмжээг нэмэгдүүлэх, бүр 100 хувь даатгахаар хуульд өөрслөлт оруулах гэх мэт нөхцөл үүсч байжээ. Ийм нөхцөлд орчихгүйн тулд иргэдэд даатгалын мөн чанар, хамрах хүрээг зөв ойлгуулж, хүлээх эрсдэл, хариуцлагыг анхнаас нь ухааруулах нь чухал юм.