2012-11-28

Мэтгэлцээнийг холоос дурандвал..


 С.Ганбаатар, С.Баярцогт гишүүдийн мэтгэлцээн монголын улс төр, нийгэмд урьд өмнө болж байгаагүй ач холбогдолтой, асар их мэдээллийг өгсөн, олон түвшинд, олон талаар маш олон гаргалгаа, дүгнэлт, нотолгоо хийж болохоор мөлжүүртэй, нийгмийн өнгийг тодорхойлох судалгааны обьект болохоор сайхан үйл явдал боллоо. 

Энэ мэтгэлцээнээс маш олон дүгнэлт гаргалгаа хийж болохоор байна. Зарим нь хувь хүмүүсийн мэтгэлцээнд бэлдсэн байдал, сонгосон тактикийг шинжилж, хувь хүмүүсийн мэдлэгийн түвшин, хандлагыг харьцуулж дүгнэсэн байна. Сонирхолтой.



Баярцогт гишүүн үнэхээр сайн бэлджээ. Мэдээлэл сайтай, ажлыг хариуцаж байсан тул биет туршлагатай, бас дээр нь мэдээлэл сайтай сайн баг ард нь ажилласан нь илт байна. Харин сонгосон тактик нь Ганбаатар гишүүний төлөөлөөд байгаа нийгмийн хэсэг рүү биш, хувь хүн рүү чиглэсэн нь улс төрчийн хувьд буруу сонголт болсон гэдэг нь нийгэмд үүсээд буй хариу үйлдлээс харагдаж байна. Өнөө үед түгээмэл болоод буй сайн мэдэхгүй байж мэдэмхийрдэг, асуудал бүр рүү үсчиж байдаг нөхдийг дараад өгөх юмсан гэсэн далд хүсэл бага сага юм гадарладаг хүн болгоны дотор үргэлж байдаг мэдрэмж. Баярцогт гишүүн мэтгэлцээнийг яг ийм хандлагаар хүлээн авч, үндсэн бэлтгэлээ базааж, өрөлтөө авсан бололтой. Хувь хүний түвшинд бол үнэхээр зөв тактик, амжилттай хэрэгжүүллээ, өрсөлдөгчөө "цохиж унагалаа". Харин энэ байрлалаа мэтгэлцээний турш үргэлжлүүлж, хувь хүн рүү довтолж, улайрч байсан нь улиг тал руу хэлбийж, эхэндээ тэр довтолгооноос таашаал авч, сайшааж байсан хүмүүс хүртэл төвөгшөөж эхэлсэн нь мэдрэгдэж байв. Энэ л Баярцогт гишүүний алдаа.   

Ганбаатар гишүүн олигтой бэлдсэнгүй, эсвэл бэлдээд байх шинэ мэдээлэл, сайн баг байсангүй юу, ярьдаг цөөн юмаа л ярьж байсан нь мэтгэлцээнийг агуулгын, мэтгэлцээн гэсэн жанрынх нь хувьд онцын сонирхолгүй болгож, Баярцогт гишүүний лекц болгож орхив. Ууг нь төгс гайхамшигтай гэрээ гэж байх боломжгүй, өчнөөн асуудал байгаа, нээж, гаргаж тавьж болно. Ганбаатар гишүүн хэлсэндээ ар болж, сайн бэлдэж, өөрөө биш гэхэд бусад мэдлэг, мэдээлэлтэй байж болох зөв судлаачид, төлөөллийг өөртөө татаж, татан оруулж, цэгцтэй, үнэхээр асуудлын шийдлийг эрэлхийлсэн, хоосон шүүмж биш алтернатив хувилбар байдлаар бэлдсэн бол жинхэнэ мэтгэлцээн болох байлаа. Мэтгэлцээнд дуудсан, тэр байтугай хэвлэлээр шуугиулаад байсан УИХ-ын гишүүн хүн яагаад ийм бэлтгэлгүй, үгийн үзүүрээр тэгсхийгээд болчих мэт сууж байгаа нь олон хүнд, ялангуяа бодитой судалгаа, нотолгоо мэдээлэл, алтернатив гаргалгаа горьдож байсан боловсролтой хэсэгт ойлгомжгүй байж, гишүүнд эргэлзэх байр суурийг тодруулсан болов уу. Баярцогт гишүүний адил Ганбаатар гишүүн олон нийтийг, гэрээний асуудлыг биш өөрийгөө л төв болгон харж, хувь хүний оноо авах мэтгэлцээнд бэлджээ. 

Энэ бол зөвхөн рингэн дээр мэтгэгчдийг үзээд хийх шууд тусгал дүгнэлт. Харин үүнээс гадна, дурангаа холдуулаад, фокусыг нь бүүдийлгээд үзвэл энэ мэтгэлцээнээс өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн өнгө аяс, тогтсон хэвшлийг тодхон уншиж болохоор байгаа нь бүр сонирхолтой. Холтгож, бүүдийлгэсэн дуранд бол Баярцогт гишүүн өнөөгийн засаг, төрийг төлөөлж болохоор, харин Ганбаатар гишүүн олон нийтийг төлөөлөхөөр дүр зураг харагдаж байна.

Төр засаг асар их мэдээлэлтэй, олон мянган хувьсагчтай хөгжүүлсэн бэлэн загвартай, үзэглэсэн гэрээтэй. Хийсэн юмандаа итгэлтэй, хамгаалахад бэлэн. Цаашид ч олон олон асуудлыг шил дараалан шийдэж, гэрээ байгуулж, үнээний ферм үүсгэж, "ард түмнээ жаргаах", улс орноо хөгжүүлэх алсын төлөвлөгөөтэй, өөртөө итгэлтэй. Үг дуу гаргадаггүй, хаалттай, хааяа нээгдэхээрээ ууртай, дээрэнгүй, түрэмгий. Тэд олуулаа, бараг олон нийтээс "олуулаа", бас ордонд тансаг тусдаа суудаг. Өөрсдийгөө хамгийн шилдгүүд гэж үнэмшдэг, аливаа асуудал, шийдэл дээр хувийн хэвшлийн "capacity" буюу чадавхи хүрэлцэхгүй гэж сүүлийн 20-д жил голж, түүндээ үнэмшсээр яваа. Улс орноо өөд татах, ард түмнээ жаргаах гэсээр орчин нөхцөл өөр болж байгааг ойлгох сөгөөгүй яваа. Байгаа бүх юмаа сайнтай муутай нь нуусаар, өөрсдийгөө ухаантай, иргэдийг тэнэг гэж бодсоор байгаад бүр зуршил заншил болчихсон.

Олон нийт, иргэд нь мэдээлэлгүй, мэдлэггүй, олон мянган хувьсагчтай загвар байтугай эксэл хүснэгт бараг ашигладаггүй, ялгадаггүй. Сургаар сонсож, таамгаар дугардаг. Нэг их судалж, нотлохыг боддоггүй, хүсдэггүй, өөрөө хийдэггүй хэрнээ шүүмжилдэг, ханардаг, ямар мэдээлэл хаанаас аваад, яаж ашиглаж, эрхээ хэрхэн хамгаалахаа сайн мэддэггүй. Гэнэн, гомдомхой, стресстэй, тэрийгээ яаж тайлахаа ойлгодоггүй, төр засагтаа хялбархан мад тавиулчихдаг. Төр засгийг төрүүлсэн “аав, ээжээ” гэж үзнэ, эрх танхи, гуймтгай хэрнээ голомтгой. Мөрөөдөл ихтэй, санаа арвин ч овилго муу, дотоод зөрчилтэй зүйл их хүсдэг. Өдөр тутмын асуудал, амьдрал, ажил бизнесдээ дарагдаад судлах, мэдэх сөгөөгүй. Чанга дуутай ч өрсөлдөх чадвар үнэндээ сулхан.

Энэ хоёрын хооронд нүдэнд харагдахгүй ч хамгийн их мэдээлэлтэй, туршлагатай, алсын хараатай, тов тодорхой зорилго, төлөвлөгөөтэй гадаадын төр, бизнес, хөрөнгө оруулагчдын эрх ашиг баттай байгаа. Тэд нүдэнд харагдахгүй ч хэнийх нь ч биед хувилаад, ямар ч байр суурь илэрхийлүүлж, үйл явдлын өрнөлийг, бидний жишээн дээр бол мэтгэлцээнийг хүссэнээрээ хөгжөөх боломж, цоорхой бас бий. Хамгийн гол нь дээрх хоёр төлөөлөл маань мэдээлэл илт зөрүүтэй, мэдлэг хомс, харилцан итгэлцэл сул, хамтран ажиллах сэтгэл бага, биесээсээ л илүү гарах амиа хоохойлсон өчүүхэн үзэлтэй байвал гуравдагч этгээдэд ашигтай, амттай, хялбар өгөөш болох билээ.

Нэг иймэрхүү дүр зургийг мэтгэлцээний өнгө аяс, өрнөсөн байдал тодотгон илтгээд байгаа бус уу? Энд оролцогч гишүүдийг тодорхойлж байгаа юм биш, тэднээр дамжуулан төр ба олон нийтийг гэнэт олж хараад байгаа ч юм биш, харин өнөөгийн манай төр ба олон нийтийн хоорондын харилцаа, байгаа бодит байдал энэ хоёр гишүүний мэтгэлцээн дээр давхар харагдаж, нотлогдож байгааг л өгүүлж буй юм шүү. Өөрөөр хэлбэл, Монголд төр ба олон нийт хоорондоо алд дэлэм зайтай, бие биедээ мэдээлэл өгч авч, итгэлцэж, харилцан үр ашигтай, нийтийн асуудлын шийдэл, хөгжлийн төлөө хамтран ажиллах орчин, соёл үнэхээр болхи байна. Ардчиллын үндсэн зарчмууд бүрэлдэж, нийгэмд суугаагүй л байна гэсэн үг.

Иймэрхүү соёл, дүр зураг ноёлсоор байгаа нөхцөлд мэтгэлцээн энэ хоёр төлөөллийн хувьд хэзээ ч сонирхолтой болохгүй, өөрөөр хэлбэл жинхэнэ мэтгэлцээн гарахгүй. Мэдээж, хэн нь ч ялахгүй, гуравдагч этгээд ялсаар, эсвэл ялах орон зайг тэдэнд бэлэглэсээр байх болно.

Тэгэхээр, хялбархан илэрхийлвэл, төр нь өөрт буй мэдээллээс олон нийттэй цэгцтэй хуваалцдаг, олон нийтийг, мэргэжилтнүүдийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг, ойшоодог соёл бүрдүүлэхийг хүчээр ч хамаагүй түргэвчлэх хэрэгтэй байна. Олон нийт мэдээллээ ашиглаж, бодитой дүгнэлт, гаргалгаа хийж, дуу хоолойгоо зөв хүргэж сурах, өөртөө итгэлтэй, итгэл үнэмшилтэй, зоригтой болох хэрэгтэй байна. Энэ нь, нийт ард түмэн гэхээс илүүтэй салбар салбарын мэргэжилтнүүдийг өндийж, өөртөө итгэлтэй байж, мэдлэгээ арвижуулж, дуу хоолойгоо тодхон гаргаж, нийгэмд байх ёстой байрь сууриа бусдад эзэгнүүлэлгүй бушуухан эзлээсэй гэсэн санаа юм.

Дараа дараагийн мэтгэлцээн хувь хүмүүсийн мэтгээн биш, жинхэнэ мэдлэг, шийдэл, гаргалгаануудын тулаан байж, улс орны хөгжлийг урагшлуулах, нийгмийн уур амьсгалыг зөв залах чиглүүр болон хөгжих болтугай.

Б.Найдалаа
2012-11-26

www.twitter.com/naidalaa