2017-03-06

ТоС БА МОНГОЛ УЛСАД НОГООН САНХҮҮЖИЛТИЙН “УСАЛГААНЫ СИСТЕМ”-ИЙГ БАЙГУУЛАХ БОЛОМЖ

Лондонд бүртгэлтэй дэлхийн томоохонд орох банк санхүүгийн нэгдэл, алдарт HSBC зөвхөн зээл олгосныхоо төлөө 2012 онд асуудалд орж, санхүү болон нэр хүндийн том хохирол амсжээ[1]. HSBC банк Малайзын Саравак мужид мод бэлтгэлийн нэгэн харилцагчдаа сайн судлалгүй, өөрсдийн тунхагласан бодлогоо мөрдөлгүй, байгаль орчин, нийгмийн үр дагаврыг тооцолгүй 100 сая фунт стерлингийн зээл олгож, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь ийм хохиролд хүргэсэн байна. Тэр харилцагч компани нь хууль бусаар асар их мод хяргасан төдийгүй авлигаар дөрөөлж бизнесээ урагшлуулж байсан нь нотлогдож. Харин энэ бүхнийг дэмжиж зээл олгосон, нийгэмд асар их хохирол учруулсан хэрэгтний нэг нь HSBC банк болж таарч, маш хүнд байдалд оржээ. HSBC банктай холбоотой энэ үйл баримт нь банк санхүүгийнхний хэдэн зуун жилийн уламжлалтай зөвхөн ашиг харж зээл олгодог ажиллагаа өнөө үед таарахгүй болсны дохио болсон юм.
Монгол Улсад одоогоор ийм ил тод асуудал үүсээгүй ч үүнтэй төсөөтэй тохиолдол цөөнгүй бий. 
Жишээ нь, хот төлөвлөлт, барилга орон сууцанд тавигдах суурь шаардлагаа мөрддөггүй, ирээдүйг харгалздаггүй ухвар мөчид шийдвэрүүдийн үр дүнд сүндэрлэж буй барилгууд нь ногоон байгууламжгүй, авто зогсоолгүй, тэр байтугай хүн явах жимгүй болж,  нийслэл хотоо ямарч төлөвлөлтгүй, замбараагүй, шороо тоостой болгон хувиргасан нь хэн бүхний нүдэнд илхэн. Уул уурхай, алт, элс хайрга гэж хошууран, нөхөн сэргээлт хийхгүй ухсаар олон гол горхи ширгээж, уул усыг эргүүллээ. Нүдтэй бүхэн харж, амтай бүхэн үглэж байгаа боловч төр ч, хэн ч дорвитой арга хэмжээ авахгүй явсаар. Үүнийг бид цааш нь үргэлжлүүлсээр байх уу?

Энэ утгагүй гинжин урсгалыг зогсоох зорилгоор Монголын Банкны Холбоо манлайлан, гишүүн банкууд нэгдэж Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн 8 зарчмыг 2013 онд баталж, ТоС гэж нэрийдэх болсон билээ. ТоС хэрэгжсэнээр банкууд зээл олгохдоо тухайн төслийн зөвхөн ашиг зардлыг биш, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг давхар үнэлж, өөрсдөөсөө болон зээлдэгчдээс нийгмийн хариуцлагатай байхыг шаардана гэсэн үг.

Монголчууд хүрээлэн буй орчноо хүндлэх, хамгаалах уламжлалт сэтгэлгээгээрээ аль ч суурин соёлт иргэншлээс илүү. Бид ТоС төслийг хэн нэгний ашиг сонирхол, шахаасаар, эсвэл дээрээс ирсэн заавраар хийгээгүй. Монгол хүний хүсэл, боломж, нөхцөлдөө тааруулан Монгол ТоС болгон загварчилсан юм. Иймдээ ч ТоС төсөл тал талын дэмжлэгийг авч, илүү хурдацтай, илүү амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд яах аргагүй Монгол хүний үндсэн сэтгэлгээнд нийцсэн, өөриймсөг хүлээж авч байгаа хөдөлгөөн болон өргөжиж байна. Энэ хөдөлгөөн, санаачилгыг зөвхөн банкны салбар хэрэгжүүлнэ гэж хязгаарлахгүйгээр бусад бизнесийн салбарынхан тосон авч ТоС даатгал, ТоС уул уурхай, ТоС барилга, ТоС харилцаа холбоо хэмээн буухиална гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэдийгээр ТоС хөтөлбөрийг төр, бизнесийнхэн, иргэд талархан дэмжиж байгаа боловч урт хугацаанд илүү үр бүтээлтэй, оролцоотой, бүх салбарыг хамарсан жинхэнэ ТоС болгохын тулд оролцож буй талуудад өгөөжтэй санхүүгийн хөнгөлөлт, хөшүүргийг бий болгох онцгой шаардлагатай байна. Энэ хэрэгцээ, шаардлагад үндэслэн ТоС-ийн дараагийн үе шат нь Ногоон зээлийн сан байгуулах явдал гэж үзэн ажлын хэсэг ажиллаж байна.

Дэлхийн олон улсад ногоон зээлийн сан байгуулсан жишээ цөөнгүй байна. Тухайлбал, Египт улсын Засгийн газар олон улсын байгууллагуудын тусламжтайгаар 1992 онд Нийгмийн хөгжлийн сан[2] байгуулсан бол ӨАБНУ-ын Засгийн газар 60 сая ам.долларын эх үүсвэртэй Ногоон сан[3] үүсгэн байгуулж, тогтвортой хөгжлийн болон ногоон төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Рванда улс мөн Фонерва[4] сангаа 2012 онд байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн сангуудад байгаа эх үүсвэрээс ашиглан ажиллаж байгаа ба өөрийн ногоон төслүүдийг амжилттай санхүүжүүлж байна. Эдгээр болон олонхи бусад сан тухайн улсын төрийн санаачилга, шууд шийдвэрээр байгуулагдсан байдаг бол хамгийн сүүлд 2016 оны 10 сард нээлтээ хийсэн Индонезийн Тропикийн сан[5]-гийн гол онцлог нь хувийн хэвшлийн санаачилга, менежмент байсан юм. Индонезийн Засгийн газар баталгаа гарган, бодлогын хувьд дэмжсэн боловч Тропикийн сангийн загвар, санхүүжилтийн эх үүсвэр, менежмент зэргийг хувийн хэвшлийн мэргэжлийн баг, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран гүйцэтгэж байгаа нь төслийг илүү хурдтай, өгөөжтэй, илүү далайцтай болгоход шууд нөлөөлсөн байна.

Дэлхий нийтийн байгаль орчин, уур амьсгалын эсрэг санаачилга, нэмэгдэж буй хөрөнгө оруулалт, эх үүсвэр болон улс орнуудын ногоон хөгжлийн зорилтоос хамааран Ногоон зээлийн сан байгуулах, тэр дундаа төр, хувийн хэвшлийн хамтарсан загвар байдлаар байгуулах явдал түгээмэл болох хандлагатай байна.

Монгол Улс олон зүйлээр дэлхийгээс хоцорч, бусдын бэлэн туршлагыг хуулж,  суралцаж байдаг бол ТоС болон Ногоон зээлийн сан байгуулах ажлын хувьд зарим талаар бусдад үлгэр, загвар болж байна. Нөгөө талаар Монгол Улсад Ногоон зээлийн сан байгуулах “хувьсгалын тохироо” бүрдсэн байгааг доороос харж болно. 
Үүнд:
1. Монгол Улс үүрэг хүлээсэн. Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэж, хүлэмжийн хийг 2030 он гэхэд байх ёстой дүнгээс 14% бууруулах үүрэг хүлээсэн. Үүний тулд бодлогын дорвитой өөрчлөлт хийж, олон салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай болсон.

2. Хөрөнгийн эх үүсвэр эрс нэмэгдэж байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилт, эх үүсвэр эрс нэмэгдэж байна. Тухайлбал, хөгжингүй орнууд 2020 он хүртэл жилд 100 тэрбум ам долларыг Уур амьсгалын сангаар (GCF) дамжуулан гаргахаа мэдэгдсэн.

3. Монгол Улс бодлогын хувьд бэлэн болсон. Тогтвортой хөгжлийн зорилтууд, Ногоон хөгжлийн бодлого болон сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн тухай гэх мэт холбогдох хууль, бодлого, хөтөлбөрүүдээ баталж, тэдгээрийн хэрэгжилтийг хангах шаардлага бий болж байна.

4. Ногоон санхүүжилт, санхүүгийн бүтээгдэхүүн дутагдаж байна. Ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүнүүд, ногоон зээлийн баталгаа, ногоон бонд, эрсдэл бууруулах шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай. Хөрөнгийн эх үүсвэр гадаад зах зээлд хангалттай нэмэгдэж байгаа боловч дотоодод эрс дутагдалтай байна. 

5. Санхүүжилтийн эрэлт нэмэгдэж байна. Үндэсний зорилтыг хангахын тулд хамгийн багадаа 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд татах шаардлагатай болж байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй холбоотойгоор жилд 100 сая ам.долларын зах зээл гарч байна.[6] Мөн бизнесийн салбарынхны ногоон төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.

6. Хувийн, мэргэжлийн салбарын бэлэн санаачилга, төсөл байна. Үүнд амжилттай хэрэгжиж буй банкуудын ТоС хөтөлбөр болон судалгаа нь эхний байдлаар хийгдсэн Ногоон зээлийн сангийн төсөл багтана. 

7. Олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамтарч ирсэн сайн туршлага байна. Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Нидерландын Хөгжлийн банк (FMO), НҮБ-ын UNEP хөтөлбөр ТоС төсөл дээр дэмжиж ирсэн бөгөөд Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) нь Ногоон зээлийн сан байгуулах төсөлд хамтран ажиллаж байна.

Монгол Улсад Ногоон зээлийн сан байгуулах төсөл нь бусад улсынхаас ялгарах өөрийн онцлогтой. Тодруулбал энэ сан нь ТоС төслийн хүрээнд, түүний суурин дээр үндэслэн санхүүгийн хөшүүрэг бий болгох зорилгоор гарч ирж буй юм.

Өөрөөр хэлбэл, бидний байгуулах гэж буй Ногоон зээлийн сан бол ногоон төсөл санхүүжүүлэх төдий биш, зөв, тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгуудыг өөрсдийнхөөрөө стандартчилан, санхүүжилтээр дэмжих, хөрөнгө оруулалт татах, олон талын жигд оролцоотой өргөн тогтолцооны суурь болж байгаа юм. Зүйрлэвэл, Ногоон зээлийн сан бол зүгээр нэг санхүүгийн байгууллага биш тогтвортой хөгжил, ногоон төслүүдийг тасралтгүй усалж ундаалж байх “усалгааны систем” байх болно.
Төлөвлөж буй Ногоон зээлийн сан Монгол Улсад олноороо байдаг төрийн сангуудаас бас ялгаатай байх юм. Энэ бол Засгийн газрын байгуулж буй халамжийн сан биш, банкуудын үүсгэн байгуулж буй ашгийн төлөө компани ч биш, харин төр, хувийн хэвшил хамтарсан үлгэр жишээ, сайн засаглалтай санхүүгийн шинэ загвар байхаар ажиллаж байна. Тухайлбал өнөөдөр хотын утааны асуудал гамшгийн түвшинд хүрч, гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэх тухай ярилцаж байна. Өмнө нь төсвөөс мөнгө гарган татаас өгөх, эсвэл зээл болгон тарааж үр дүнгүй ажиллаж ирсэн. Харин хувийн, мэргэжлийн менежменттэй Ногоон зээлийн сан байгуулсан тохиолдолд зохих хэрэгцээнд нийцсэн тог хураагуур, халаагч төхөөрөмжийн зээлийн бүтээгдэхүүн тусгайлан боловсруулж, үүн дээрээ Дэлхийн уур амьсгалын сангаас хөрөнгө босгон тасралтгүй санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломжтой юм. Ингэснээр Улаанбаатар хотын утаа буурч, иргэд бага хүүтэй, урт хугацаатай зээлээр төхөөрөмж худалдан авах, дэлхий ч хүлэмжийн хийгээ бууруулах зорилгоо биелүүлж, бүгд сэтгэл хангалуун болох боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн Монгол Улсын зөв хөгжилд шаардлагатай төсөл хөтөлбөр, зээлийн бүтээгдэхүүнүүдийг шинээр нээн боловсруулж, түүндээ тохирсон хөрөнгийн эх үүсвэрийг гадаадаас босгож ирэн тасралтгүй, бороо хурын эргэлт мэт санхүүжүүлэх тогтолцоог Ногоон төслийн “усалгааны систем” гэж зүйрлэж байгаа юм.

Аливаа хөгжлийг бүтээхэд алсын хараатай зөв бодлого, алдаагүй хэрэгжүүлэх зөв менежмент, бүгдэд хүртээмжтэй зөв санхүүгийн хөшүүрэг маш чухал нөлөөтэй. Ногоон зээлийн сан бол дэлхийн даяар нэмэгдэж буй хөрөнгө оруулалтаас Монголчууд бид өөр шаардлагатай асуудлыг жижиг төсөл болгон санхүүжилт татдаг, нийт бизнес, зээлдэгч, иргэдэд хүртээмжтэй түгээдэг, өөрийгөө тэтгэх, хөрөнгө босгох чадавхитай бие даасан мэргэжлийн менежменттэй санхүүгийн тогтолцоо байх болно. Ногоон санхүүжилтийн зөв тогтолцоогүйгээр одоо ноёрхож буй бизнесийн “мөнгө цагаан нүд улаан” соёлыг бид яагаад ч халж чадахгүй бөгөөд ирээдүй, үр хүүхдийнхээ “яагаад Улаанбаатар хот ийм муухай юм бэ? Та юу хийсэн бэ?” гэсэн асуултад нүүр бардам хариулт өгч чадахгүй байдалд хүрэх билээ.  




[1]The Economist” сэтгүүлийн 2012 оны 11 сарын 3-ны дугаар. Өгүүллийг эндээс үзэж болно: http://www.economist.com/news/finance-and-economics/21565622-new-investigation-accuses-hsbc-ignoring-its-own-sustainability-policies-log
[2] Египтийн Нийгмийн сангийн веб: http://www.sfdegypt.org/web/sfd/home
[3] ӨАБНУ-ын Ногоон сангийн веб: http://www.sagreenfund.org.za/wordpress/about-the-green-fund/
[4] Фонерва сангийн веб: http://www.fonerwa.org
[5] Тодорхой мэдээллийг эндээс үзнэ үү: http://www.unep.org/newscentre/Default.aspx?DocumentID=27086&ArticleID=36287&l=en
[6] Азийн хөгжлийн банкны судалгааны урьдчилсан дүн, 2016