2016-02-07

ТоС форум 2015 амжилттай боллоо

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС) форум өнгөрсөн долооногт Туушин зочид буудалд боллоо. 
Монгол Улсад байнга л нэг форум, хурал сүржин зохион байгуулагдаж байдаг. Гэхдээ гурав дах удаагаа болж буй ТоС форум бол бусдаас онцгой нэгэн чанартай.
ТоС форумаар хавийн асуудлыг хамж шимж, болохгүй бүтэхгүйг шүүмжилж, эсвэл
ирээдүй цагийн хоосон шийдэл ярьдаггүй. Үргэлж яг хийснээ, хийх гэж байгаа бодитой ажил алхамаа л ярилцаж, ажил хэргийн эхлэл уулзалт байдаг юм.

Анхны даруухан болсон ТоС форумаар (2013) Тогтвортой санхүүжилт гэж юу вэ, ямар учиртай, хэнд хэрэгтэй, МБХ болон банкууд хамтран хэрхэн эхлэх, ажлаа зохион байгуулах вэ гэж ярилцаж байлаа. Хэн, юу, хэрхэн, яах гэж байгааг сайн төсөөлөхгүй оролцогчид ч цөөнгүй байв. Төр, олон нийт, олон улсын байгууллагууд ч итгэл бага, бүрхэг байв. 
Харин удаах ТоС форумаар (2014) банкууд аль хэдийн нэгдэн ойлголцож, ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, судалгаа хийж, бодлогын баримт бичгүүдээ боловсруулж, 2015 оны 1 сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсноо нийтэд албан ёсоор зарлаж байв. Банкууд нийгэм, байгаль орчин, ирээдүйн өмнө хүлээх хариуцлагаа бодит ажил бизнес, үйл хөдлөлдөө мөрдлөг болгож, зээлдэгч, харилцагчдаасаа мөн шаардаж эхлэхээ зарласан гэсэн үг.

Ингэснээр банкууд үүд хаалгаа тэргэнцэртэй иргэдэд зориулан засч, хөгжлийн бэрхшээлтэй монголын нэг зуухан мянган иргэддээ очер дараалалгүй үйлчилж, АТМ машин хараагүй иргэдэд зориулан ярьдаг болсон зэрэг өөрчлөлтгүүд нүдэн дээр гарч байгааг та анзаарсан байхаа. Мөн бизнест зээл олгохдоо хөдөлмөрийн гэрээ ажилчидтайгаа хийсэн эсэх, хог хаягдлаа зохих ёсоор хаясан эсэх, нөхөн сэргээлтээ хийсэн эсэх, барилгын ногоон байгууламжийг журмын дагуу яг бүтээсэн эсэхийг лавлаж, эрсдэлийн үнэлгээнд оруулж, зээл олгох эсэх шийдвэр гаргахдаа бүх банкууд харгалздаг болсон юм. 
Энэ ялигүй юм шиг боловч ирээдүй, алсаа огт бодохгүй явж ирсэн өнөөгийн Монголын "мөнгө улаан, нүд цагаан" бизнесийн арга барилд орж буй сэтгэлгээ, хандлагын онцгой ач холбогдолтой эргэлт юм. Үүнийг банкууд эхэлж байгаа боловч эх орноо, ирээдүй хойчоо гэх бүх бизнесийнхэн, монголчууд буухиалах үүрэгтэй. 
Гурав дах буюу энэ жилийн ТоС (2015) форумаар өмнөх ажлаа дүгнэж, цаашид хөтөлбөрийг хэдхэн банкны болон зээлдэгчийн төсөл биш Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь, Ногоон хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгон бэхжүүлж, хөгжүүлэх талаар хэлэлцэв (доор зураг). Урьд өмнөхөөс олон бөгөөд өндөр түвшний оролцогчтой, оролцогчид нь юу хийх, яахаа тодорхой мэдсэн, тодорхой мэдлэг, судалгаа, саналтай байгаа нь илт байлаа. 

Энэ жилийн хэлэлцсэн гол асуудал нь Ногоон зээлийн сан байгуулах тухай байв. Аливаа төсөл санаачлагыг бодитой хэрэгжүүлж, амилуулахад санхүүгийн хөшүүрэг зайлшгүй тул ТоС-ын хувьд ногоон зээлийн сан үүсгэн байгуулах нь онцгой ач холбогдолтой, зайлшгүй алхам юм. Ногоон зээлийн сан олон улсад ямар байдаг, Монголд бид хэрхэн хийж болох талаар ярилцаж, цаашдын алхамаа тодорхойлж форум өндөрлөсөн. 
Тогтвортой санхүүжилтийн (ТоС) хөтөлбөрийг МБХ болон банкууд амжилттай, эрчтэй манлайлан хэрэгжүүлж байгаа нь банкуудын тууштай оролцоо, алсын хараа, БОНХЯ-ны удирдлага, ажлын хэсгийнхний ажил зүтгэл, ОУСК (IFC) болон НХБ (FMO)-ны дэмжлэг онцгой үүрэгтэй байгаа. 

Гэхдээ үүнд бусдын анзаарахгүй нэгэн чухал хүчин зүйл байгаа юм. Энэ бол төслийн ерөнхий загвар, дизайн урьд өмнө олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төслүүдээс эрс ялгаатайд юм. Санаачлагыг гадаадын төслийн байгууллагууд гаргаж, хэрэгтэйг чухалчилж, хүчилж, Монголын байгууллагууд мөнгийг авах сонирхолтой боловч дуртай дургүй хүний төлөө мэт хэрэгжүүлж, жижиг сажиг зүйлээ, хоорондоо хэрхэн харилцахаа хүртэл олон улсын байгууллагууд, зөвлөхүүдээс асууж, ам харж, тэд нь ч бүх зүйлд оролцож, зааж сургаж, номлож, эцсийн дүндээ Монгол Улс тусламж дэмжлэг авсан нэр зүүж, мөнгө зарцуулж, данслагдаж, гоё өнгөтэй тайлан болон дуусдаг төслийн загвар түгээмэл. Энэ хэвшил болсон ичмээр загвар. 
ТоС бол энэ загварыг эвдсэнээрээ онцлог юм. МБХ гишүүдээ манлайлан оролцож, төслийг бүрэн эзэмшиж, төслийн загварыг хүсч буй чин зорилго, алсын хараандаа тааруулан зурсан. Олон улсын байгууллагуудтай зөвлөж, мэдэх зүйлийг нь сонссоноос биш банкуудтайгаа, Монголбанктай, төр засагтайгаа хэрхэн ажиллахыг асуугаагүй, хэнд ямар сургалт хийх ёстойг, хэзээ ямар форум хийж, ажлаа хэрхэн төлөвлөхийг, ажлын хэсгийг яаж ажиллууллахыг заалгаагүй. Монголд юуг хэрхэн хийх ёстойг бид өөрсдөө гадны ямар ч онцгой мундаг зөвлөхөөс, хэнээс ч илүү сайн мэднэ, чадна, харин хэрэгтэй газраа асууж, зөвлөнө гэсэн зарчмаар ажилласан юм. МБХ болон гишүүн банкууд төслийг эзэмшиж, удирдаж, Яам Ногоон хөгжлийн бодлогодоо тусган оруулж, Монголбанк ажиглан, оролцох цаг мөчийг хүлээж, IFC болон FMO шаардлагатай газар нь туршлага, мэдлэг, тодорхой санхүүжилтийн дэмжлэг үзүүлж ажилласан тул энэ төсөл амжилттай өрнөж, улам олон оролцогч, дэмжигчдтэй болж байгаа билээ.

Нэгэнт суурь нь зөв тул энэ ТоС төсөл амжилттай өрнөж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэгэн суурь дэвсгэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголд Улсад хаа сайгүй хэрэгжиж байдаг гадаадын байгууллагуудын оролцоотой том жижиг төслүүд энэ ТоС төслийн загвараас жишээ авбал, хэрэгжүүлэгч Монгол тал эзэн шиг нь байж, төслийн оролцогчдыг гадаад дотоодгүй байр байранд нь, дүр дүрд нь байлгаж чадвал төсөл үр дүнтэй, өгөөжтэй, үлдэцтэй байна гэдэгт бас эргэлзэхгүй байна. 


2015 оны 12 сарын 2.