2016-02-22

Б.Найдалаа: Бид зорилгоосоо цөөн хэдхэн увайгүй “Түгжил”-үүдээс болж буцахгүй

Сэхээтний нам гэдэг имижтэйгээр олны анхаарлын төвд богино гэж болохоор хугацаанд орж амжсан ХҮН гэнэт бужигнаад явчихлаа. Шалтгаан нь намын шинэхэн дарга С. Ганбаатарын цагаан сарын өмнө хийсэн нам доторх халаа сэлгээнээс болсон нь тодорхой болов. Энэ талаар ХҮН-ын дэд дарга, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал асан Б.Найдалаатай ярилцлаа.

-ХҮН-ын удирдах бүтцэд өөрчлөлт хийсэн нь маргаан дагуулж, улмаар танай намыг хоёр хуваагдсан мэт харагдуулж эхэллээ гэж үзэх хэсэг байна?


-С. Ганбаатар дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа нам дотор ямар ч асуудал байхгүй гэж ярьсан. Үнэнийг хэлэх хэрэгтэй. Нам дотор зөрчил гарсан. Гэхдээ бусад намд байдаг шиг хоёр талцаад, хоорондоо муудалцаад тамгаа булаацалдсан зүйл гэж ойлгож болохгүй. Цагаан сарыг тохиолдуулаад хуйвалдааны журмаар намын эрхийг авах гэсэн цөөхөн хүний үйлдэл л маргаан дагуулаад авлаа гэж үзэж болно.  Өөрөөр хэлбэл, манай намд Монгол орныг өөрчилье, хөгжлүүлье гэсэн үзэл санаанд нэгдсэн дийлэнх олон, 2016 оны сонгуулийн хувийн ашиг хонжоо харсан,  албан тушаал горилсон ганц нэгхэн хүмүүсийн увайгүй үйлдэл хоёрын зөрчил юм.

-С. Ганбаатар  “Ерөнхий нарийн бичгийн даргыг сольсон шийдвэрийг бид багаараа гаргасан” гэж мэдэгдсэн. Баг гэдэг нь Удирдах зөвлөлөө хэлсэн хэрэг үү?
-Удирдах зөвлөлийн багийг хэлж байгаа юм. Хамгийн гол нь тэдний шийдвэр дүрмийн бус байсныг намын Хариуцлагын ерөнхий хороо баталлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Т. Доржхандыг гадаадад томилолтоор яваад эзгүй байх үед араар нь хууль бус, шударга бус ёсзүйгүй шийдвэр гаргаж болохгүй л дээ. Тэр тусмаа  ганцхан цагийн дараа эх орондоо буух гэж байх үед тийм зүйл болсон байгаа юм.

-ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т. Доржхандыг ажилд нь буцааж томилсон гэдэг мэдээлэл бодитой юу?
-Өнөөдрийг болтол дүрэм журмаа баримтлаад миний бие болон бусад удирдлагууд  ямар нэгэн байдлаар гадагшаа мэдээлэл гаргахгүй байлаа. Хуйвалдагчдаас бусад нь гэсэн үг шүү дээ. Хариуцлагын ерөнхий хороо гэж манай намд бий. Энэ бол Монгол Улсаар бол Үндсэн хуулийн Цэц. Аливаа маргааныг таслах ёстой, хагалах ёстой байгууллага юм. Хороо маань хуралдаад сая шийдвэрээ гаргасан байна. Хуйвалдааны шинжтэй, журмын бус үйлдэл болсон байна гэдгийг тогтоосон. Тийм болохоор би журмын дагуу олон нийтэд  байр сууриа нээлттэй илэрхийлж байна. Цаашдаа хуучин Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа хэвийн явуулах болно. Дүрэм журмын дагуу залруулаад явна.

-Намын даргын шийдвэр хүчингүй болсон гэсэн үг үү?
-С. Ганбаатар дарга ганц нэг мэдэгдэл хийж ярилцлага өгсөн байгаа. Түүний  ярьсан зарим зүйл нь манай дүрэм журамтай зөрчилдөж байгаа юм. Дүрмээ уншаагүй юм уу, сайн ойлгоогүй юм уу, эсвэл тойрон хүрээлж байгаа, зөвлөж байгаа хуульчийнх нь бүдүүлэг алдаанаас болоод ийм алдаа хийсэн байх. Хариуцлагын ерөнхий хороон дээр манай намын таслан шүүх дээд байгууллагын албан ёсны шийдвэр гарсан болохоор намын дарга бусад Удирдах зөвлөлийн гишүүд зөрчилтэй алдаатай шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.  

-Тэгэхээр намын даргын асуудал яригдах уу?
-Нам дотоод дүрэм журмаараа шийднэ.

-Хуйвалдагчид гэж та бүхэн яг хэнийг хэлж байна вэ? Намын даргыг тойрсон хэсэг бүлэг хүмүүс гэж тодотгож ойлгож байгаа юу?
-Намын даргыг тойрсон хэсэг бүлэг хүн гэж ойлгож болохгүй. Хувийн ашиг хонжоо бодсон, дүрэм, ёс зүйгээ уландаа гишгэсэн УЗ-ийн зарим нэр бүхий гишүүдийг хэлж байгаа юм. Жирийн гишүүд, ялангуяа ойр ажиллаж байсан нь сайн мэдэж байгаа.

-Дүрэм зөрчиж, ёсзүйгүй алхам хийсэн Удирдах зөвлөлдөө ямар хариуцлага тооцох вэ?
-Тэрийг  бас л дотоод дүрэм журмаараа шийднэ.

-Асуудлыг сөргүүлж тавьсан та бүхний хувьд С. Ганбаатар гишүүнийг намын даргын хэмжээнд орж ирнэ гэдгийг мэдэж байсан уу? 
-Тийм, бид мэдэж байсан.  

-Бусад нам, бүлэглэлүүдээс явуулж байгаа хагалан бутаргах ажиллагаа байж болох уу?
-Байж болно. Гэхдээ бид ул суурьгүй байж, хов живийн чанартай, баталгаагүй зүйл ярьмааргүй байна. Ямар ч байсан үүний цаана тодорхой хэмжээний мөнгө санхүү, хувийн шунал, эрх мэдэлд дулдуйдсан хуйвалдааны шинж чанартай зүйл болсон нь баттай.

-Тамга тэмдгээ булаалдаж байсан гашуун түүх АН-д  бий. Танай намд ийм үзэгдэл гарахгүй гэх баталгаа бий юү?
-Тийм зүйл болохгүй. Яагаад гэвэл би ХҮН-ын түүхээс эхэлж ярья. ХҮН бол нэг хүний хувийн зорилгоор байгуулж байгаа компани шиг нам биш. Өмнө нь  Монголд байсан жижиг намууд шиг огт биш. Монголын нийгмийн захиалгаар, түүхийн захиалгаар Монгол Улс мухардлаас гарах хөгжлийн шинэ дэвшил хийх хэрэгтэй гэдэг үзэл санаан дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Энэ түвшний мэдлэг, шинэ үеийн боловсрол, ойлгох олны дэмжлэг, хүлээлт гээд бүх зүйл Монголд бэлэн болсон байна. Зүгээр нэг хоосон санаа, онол  биш цаана нь бодит үзэл санаа, итгэл үнэмшил, хөгжлийн бодлого байгаа. Жинхэнэ монголчууд бидний хүсээд байгаа нам, институцийн ийм үр хөврөл ХҮН-д байгаа. Тийм болохоор бусад намууд шиг сонгуульд ашиг хонжоо олохын тулд тасралтгүй маргалдан зууралдахгүй. Хэрвээ цаашид дотооддоо маргаад, богино хараатай ашиг хонжоо хайгч нар олшроод энэ намыг цааш нь явуулахгүй, улс орны эрх ашгийн эсрэг ашиглах шинжтэй байх юм бол тодорхой үзэл санаанд нэгдсэн гишүүд намыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргана. Бид сонгуульд орохын тулд, албан тушаал авахын тулд нэгдээгүй. 2016 оны сонгууль бол бидний хувьд зорилго биш, өчүүхэн зүйл. 2020 он хүртэл бодлогоо, үзэл санаагаа түгээж, өөрсдийгөө олшруулж, бэлдэж болно. Ажил хэрэгчээр шүүмжлээд, том намуудын алдааг зөв болгох талаас нь байр сууриа илэрхийлээд явж болно. Бүх юм нээлттэй. Түүнээс биш нэг гишүүний төлөө, тавхан хүнийг гишүүн болгохын төлөө хэдэн мянган хүний хүч чадал, итгэл үнэмшлийг, олны итгэл найдварыг худалдаж болохгүй.

-Иймэрхүү хандлагатай уялдаад намын нэр хүнд унана гэдэг болгоомжлол төрөх нь гарцаагүй. Та хувьдаа үүнээс санаа зовж байна уу?
-Намын нэр хүнд унахаас айгаад худал хуурмаг зүйлтэй эвлэрч болохгүй л дээ.

-Ингэхэд өөр улстөрийн хүчнээс ХҮН-тай эвсэх хүсэлт ирж байсан уу?

-Албан ёсоор ирж байгаагүй. Гэхдээ миний бодлоор тийм сонирхол байгаа байх. Бидний хувьд саяын ярьсан зарчмаа л барина. Үзэл санаагаар биш улс төрийн богино хугацааны хожоогоор бол шийдвэр гаргахгүй. Яагаад гэвэл бид сонгуульд суудал авахын төлөө яваагүй. Монголд улс төрийн намын инстутици муу байгаа болохоор л улстөр ийм заваан болчихоод байгаа юм. Манай нам дээр гарч байгаа асуудлаас ч харагдаж байна. Үүнээс салж чадахгүй юм бол том ч бай жижиг ч бай ямар ч намын сайн байгуулал Монголд байх боломжгүй. Сайн улстөр, сайн бодлого байх боломжгүй.  Үүнийг л өөрчлөх гэж ХҮН намыг үүсгэн байгуулцгаасан, олны итгэл ирсэн. Иймд бид энэ зорилгоосоо цөөн хэдхэн увайгүй “Түгжил”-үүдээс болж буцахгүй, яагаад гэвэл энэ бол хэдхэн хүний биш олон нийтийн хүсэл, итгэл.

Д.Дорж
2016 оны 2 сары 18.
Тусгал.мн