2016-02-07

Б.Найдалаа: Өнөөдрийн замаар далайцтай хөгжилд хүрэхгүй

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхлэе. Ер нь Монголын эдийн засаг ямар байна вэ. Статистик харахад дандаа л өсөлттэй байх юм. Гэтэл хүмүүс шүүмжлээд л... Бодит байдал ямар байна вэ?

-Эдийн засгийн идэвхжил бол буурсан. Сүүлийн 2-3 жилд удаашралтай байна. Би бас тантай статистик харж ярья л даа. 
Өнгөрсөн нэгдүгээр улиралд ДНБ 4.4 хувиар өсчээ. Энэ бол яах аргагүй өсөлт. Гэхдээ энэ өсөлтийн 3.3 хувийг зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлсэн байна.Нүүрс болон
Оюутолгойн гаргаж байгаа баяжмал гэсэн үг л дээ. Харин үүний дараа хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар орж байгаа юм. Бас нэг анхаарах ёстой үзүүлэлт бол үйлчилгээний салбарынх байгаа. Эдийн засаг өсч л байгаа бол үйлчилгээний салбарын өсөлт дагаж явдаг, ингэхдээ том дүнгээр  өсч явдаг юм. Гэтэл манайд эсрэгээрээ. Үйлчилгээний салбарын хувь байнга буурсаар байна. Өөрөөр хэлбэл, энэ бол эдийн засгийн идэвхжил буурч байгаагийн илрэл. Сайн дохио биш.

-Сая Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Эдийн засагт эерэг дохио ирж байна уу?

-Эдийн засгийн идэвхжил буурсан нь хөдөлгөх том моторынх нь эргэлт саарсантай холбоотой. Мэдээж Оюутолгой зэрэг том төсөл бол бизнесийн идэвхжлийг сэргээх, өдөөх, сонирхлыг төрүүлэх нь гарцаагүй. Тэр төслийн гэрээ сайн байна уу, муу байна уу хамаагүй. Гол нь эдийн засгийн идэвхжлийг сэргээх сэдэл нь болдог. Энэ утгаараа Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө гээд байгаа тэр гэрээ зурагдсан нь ямар ч байсан эерэг дохио боллоо. Гэхдээ яг бодитоор бизнес дээр, жишээ нь банкны салбарт нөлөөлөл нь гарах бол арай болоогүй байх. Ямар ч байсан зөв дохио болсон.

-Өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай байна. Гэхдээ энэ салбар чинь эрсдэлтэй биз дээ. Түүхий эдийн үнэ унахад дагаад унадаг. Ер нь эдийн засгийг солонгоруулах чиглэлд Монголд хийгдэж байгаа юм байна уу?

-Эдийн засгийг солон­горуулна гэж олон жил ярьсан. Бараг бүгд ярьдаг, мэддэг. Гэхдээ хийдэггүй. Яаж хийхээ мэддэггүй юм уу, эсвэл хийхийг хүсэхгүй байх шиг байна. Уул уурхайд мөнгө эргэлдэж байгаа болохоор бүгд л тийшээ орчихож байна. Улс төрийн намууд нь хүртэл тэндээс олсон мөнгийг тараадаг. Ер нь Монголын бодит байдал гэвэл уул уурхайгаас мөнгө олоод түүнийгээ барилгын салбар руу хийдэг тогтолцоо руу шилжчихлээ. Алсыг харсан, том, далайцтай, эдийн засгийн хөгжлийн, бүтцийн төлөвлөгөө гэж алга. Солонгоруулна гэж ярих нь бараг өөрөө хошин шогийн байдал руу л орчихоод байна л даа. Барилгын салбараа солонгорууллаа гэхгүй юм бол өөр юу ч хийгээгүй. Уул уурхайгаас мөнгө олж барилга руу хийдэг эдийн засгийн тулгууртай бол хол явахгүй. Монголын эдийн засгийг хөгжүүлье, Монгол Улс хөгжье гэвэл эдийн засгийн өөр олон тулгууртай болох ёстой. Энийг хийхгүй бол хөгжлийн тухай яриад ч хэрэггүй.

-Тэр өөр тулгуур нь юу байх юм бэ. Барилга бол биш байх нь?

-Ямар ч эдийн засагт барилга баригддаг. Эдийн засаг өсч, хөгжиж байгаа тохиолдолд барилга хүссэн, хүсээгүй босдог юм. Тийм учраас барилгын салбарыг хөгжүүлэх гэж тусгай бодлого гаргах ямар ч хэрэггүй. Мөнгөтэй болохоороо хүн юу хийдэг вэ гэхээр барилга барьдаг, барилгад хөрөнгө оруулдаг. Тиймээс энэ салбарыг зохистой хөгжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн татварын ч гэдэг юм уу зохицуулалт хийх хэрэгтэй. Түүнээс бодлогоор дэмждэг, хөгжүүлдэг салбар бол барилга биш. Жишээ нь, орон сууц авч байгаа хүн цалинтай байх ёстой. Гэхдээ тэр цалинг авахын тулд ажлын байр нь яагаад зөвхөн уул уурхай байх ёстой юм бэ. Өөр салбарт байг л дээ. Тэгж байж Монгол Улс олон тулгууртай, нөгөө эдийн засаг солонгорч хөгжинө гэдэг болно. Мэдлэгийн эдийн засаг гэж яриад байгаа бусад салбараа хөгжүүлэх л хэрэгтэй.

-Жишээ нь...?

-Кластерууд, мал аж ахуй, хөдөө аж ахуйд суурилсан бо­ловсруулах үйлдвэрүүд байж болно ш дээ. Аж үйлд­вэр­жиж байж л хөгжинө. Түүнээс одоогийнх шиг дандаа жижиг, дунд үйлдвэрлэлийн төвшинд яваад байвал том үр дүн гарахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байр нэмэгдүүлдэг сайн талтай ч эдийн засгийг огцом өсөлт, хөгжлийн харайлтад хүргэдэг салбар биш. Дандаа л дэмжих салбар болж явдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа чирч явах үндсэн том үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол жижиг, дунд үйлдвэрлэл нь эсгий тавчикнаас ерөөсөө хэтрэхгүй. Манайхан өнөөдөр яагаад дандаа эсгий тавчик ярьдаг гэхээр чирэгч том аж үйлдвэр нь байхгүй болохоор л тэр шүү дээ. Уг нь тэр хүмүүс машины эд анги үйлдвэрлэмээр байна, гадагшаа гаргамаар байна. Том үйлдвэрүүдэд таарсан нийлүүлэлт хиймээр байна. Гэвч байхгүй учраас эсгий тавчикаа хийж байгаа юм. Тэрийг нь нэг их олон хүн хэрэглэхгүй л болов уу.

-Зах зээл нь зохицуулаад явах ёстой эдийн засаг руу төр оролцоод, төр хошуу дүрээд байгаа учраас эсгий тавчикнаас хэтрэхгүй байгаа юм биш үү. Том үйлдвэрүүдийг, том төслүүдийг төр явуулна гэдэг. Үнэндээ хам­гийн муу менежер биз дээ, төр?

-Төр муу менежер гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Энэ ойлголтыг залруулах ёстой гэж боддог хүн. Төр нь өөрөө мэдлэггүй, чадавхигүй, зорилгогүйгээр бизнес рүү ороод, тэгээд алдаа гаргангуут “Төр чаддаггүй юм байна” гэж яриад байгаа юм. Уг нь Монгол шиг жижигхэн, нээлттэй, гуравхан сая хүн амтай улсад эдийн засаг, улсаа хөгжүүлэхэд төрийн үүрэг онцгой байх ёстой. Бусад хөгжсөн орныг харахад төр нь ухаалаг, зөв бодлогоор чирч улсаа хөг­жүүлсэн байдаг. Түүнээс зах зээлд нь даатгаад хаядаггүй. Өөрөөр хэлбэл, төр оролцохоор чаддаггүй гэдэг ойлголт буруу. Манай төр л чадахгүй байгаа болохоос бусад төр чадаад байна. Тиймээс тө­рөө чадавхижуулах нь л чухал.

-Яаж...?

-Төр нь, бас төрд оролцож байгаа улс төрийн намууд нь институц болж чадавхжих ёстой. Тэгж байж зөв бодлого ярина уу гэхээс “Эдийн засгаа солонгоруулна” гэж хоосон яриад юу ч өөрчлөгдөхгүй. Өнөө­гийнх шигээ явбал улам л уул уурхайгаас хараат болж, улам л цөөхөн тулгуур салбартай болно. Улам л шавар руу орно.

-Манай төрийн эдийн засгаа сэргээе гэж байгаа алхамууд нь дандаа уул уурхай шүү дээ. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гээд л... Тэгсэн хэрнээ эднийгээ дандаа муулдаг.

-Тийм ээ, бид мэдсээр байж энэ нүх рүү орсон. Сайн ч бай, муу ч бай гэрээ байгуулсан л бол явуулахаас өөр аргагүй шүү дээ.

-Та бол Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал. Энэ албан тушаалтай чинь холбож нэг зүйл асууя. Болох уу?

-Бололгүй яахав.

-Сүүлийн жилүүдэд улс хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд буцаагаад хөрөнгө оруулалтыг нь хий­дэг­гүй. Үүнээс болж зээлээр санхүүжиж байсан компаниуд дампуурахдаа тулж, бас зээл өгсөн банкуудаа татаж унагах гээд байна гэх яриа гарах боллоо. Энэ дээр юу хэлэх вэ?

-Энэ бол зөвхөн банк, бас бизнес гэлтгүй бизнесийн орчныг бүхэлд нь хорлож байгаа зүйл. Тэр гаргаж байгаа бодлого, баталж байгаа төсөв, хэрэгжүүлэхээр зарласан тен­дер нь зөв, шударга, саадгүй бол ямар ч асуудалгүй. Гэтэл менежмент байхгүй, хяналт байхгүй учраас эргээд тендер авсан хүн нь, бизнес нь гацдаг. Улс нь мөнгөө өгөхгүй бүгдийг гацаадаг. Жишээ нь, ийм нөхцөлд банкны зээлийн хүү хэзээ ч буухгүй ш дээ. Тиймээс л бизнесийн орчныг сайжруулъя гээд байгаа нь энэ.

-Зээлийн хүүг буулгах бол банкуудын хийх ёстой ажил бо­ловч хийдэггүй ажил биз дээ?

-Эхлээд засгаас эхлэх ёстой. Засгийн бодлого нь тодорхой, нөхцөл нь тодорхой байвал өөр хэрэг. Тендер авсан хүний ажил нь тодорхой, бизнесийн шаардлага нь тодорхой болоод ирвэл хариуцлага нь нэмэгдээд явдаг. Зээл өгөхдөө ч банкууд итгэлтэй болно. Итгэлтэй газар л зээлийн хүү бага байна. Нөгөөтэйгүүр, банкны салбар бол эдийн засгийн толь нь. Монголын эдийн засаг ямар байна, банкны салбар тийм байдаг. Өнөөдөртөө байгаа эдийн засагтайгаа харьцуулахад банкууд Монголыг “хөөрхөн” харагдуулж байгаа. Юу хэлэх гээд байна гэхээр ийм эрсдэл­тэй, засгийнх нь бодлого тогт­воргүй, засаг нь өөрөө бизнесээ хяналт, шалгалт, хуулийн бай­гуул­лагаар дарамталдаг, шүүхд­дэг нөхцөлд зээлийн хүүг багасгах боломжгүй.

-Харин ч эсрэгээрээ гаднаас банк оруулж ирээд зээлийн хүүг буулгая гэхээр Монголын арилжааны бан­кууд эсэргүүцээд байдаг биз дээ. “Bank of China”-г хэлж байна л даа?

-Эхлээд нэг юм хэлье. Хадгаламжийн хүү өнөөдөр жилийн 16-17 хувь байгаа. Харин Засгийн газрын бондын хүү 15 хувь байна. Бараг сарын 1 хувиас ч өндөр хүүтэй. Тэгэхээр ийм хүүтэй мөнгө хадгалж байгаа банкууд үүнээс бага хүүтэй зээлэх боломжгүй. Бас зээлийн хүү гэдэг нь зээл өгөөд, эргэж төлүүлээд, болохгүй бол буцаагаад шүүхдээд явсаар байгаад 10 жил ч болж магадгүй үйл ажиллагааны зардлыг шингээсэн үнэ. Бүх юм нь тодорхойгүй улсад хүүг буулгах боломжгүй. Харин гадны банкны тухайд гэвэл ямар ч банк орж ирээд зээлийн хүүг буулгаж чадахгүй. Буурахгүй. Яагаад гэвэл Монголын зах зээл, бүтээгдэхүүн, гарц нь, үр дүн нь ийм байгаа учраас л зээлийн хүү одоогийн төвшинд байгаа юм.

Ярилцсан Н.Болд
Шууд.мн
2015 оны 6 сарын 5