-
Худалдаа Хөгжлийн Банкны гаргасан 500 сая ам.долларын бондын тухай мэдээлэл
салбарын хамгийн шинэ бөгөөд эерэг мэдээлэл гэж хэлж болохоор байна. Бонд
гарган долларын орох урсгалыг нэмэгдүүлж байгаа нь сайн ч нөгөө талаар дахиад
өр, зээл гэдэг өнцгөөр харж болохоор. Энэ тухайгаас яриагаа эхэлье.
- Тэгье. Бид асуудлыг улстөржүүлсээр байгаад өр бол муу зүйл гэдэг ойлголттой болчихсон байна.
- Тэгье. Бид асуудлыг улстөржүүлсээр байгаад өр бол муу зүйл гэдэг ойлголттой болчихсон байна.
“Өргүй
бол баян” гэдэг зүйр үгээр өсөж хүмүүжсэн хүмүүсийн тогтолцоогоор одоогийн
бодлогыг тодорхойлох боломжгүй болжээ. Өр гэдэг муу зүйл биш. Тэр байтугай
хэмжээг хязгаарладаг ч зүйл биш юм. Зохистой түвшинд л байх ёстой.
Зохистой түвшин гэж юуг хэлж байна вэ гэхээр өр, зээл гэдэг эргээд
төлөгдөхүйц, эх үүсвэртэй,
төлөвлөгөөтэй л байх ёстой. Худалдаа Хөгжлийн Банк ч бай, хэн ч бай бизнесийн байгууллага мөнгө босгож, мөнгө оруулж ирж байгаа нь сайн зүйл. Үүнийг улсын өртэй холбоод ч юм уу, эсвэл би өртэй болчих вий гэж эмээх шаардлагагүй. Мэргэжлийн байгууллага нь өөрсдийн бизнесийн зорилгоор хөрөнгө босгож байгаа л үйл явдал. Харин үүнийг Засгийн газар дэмжээд, ямар нэгэн байдлаар баталгаа гарган оролцож болно.
төлөвлөгөөтэй л байх ёстой. Худалдаа Хөгжлийн Банк ч бай, хэн ч бай бизнесийн байгууллага мөнгө босгож, мөнгө оруулж ирж байгаа нь сайн зүйл. Үүнийг улсын өртэй холбоод ч юм уу, эсвэл би өртэй болчих вий гэж эмээх шаардлагагүй. Мэргэжлийн байгууллага нь өөрсдийн бизнесийн зорилгоор хөрөнгө босгож байгаа л үйл явдал. Харин үүнийг Засгийн газар дэмжээд, ямар нэгэн байдлаар баталгаа гарган оролцож болно.
-
Долларын ханш бууж, төгрөг эргээд чангарах эерэг үр дүн гарч байна. Нэг талаар
ноолуурын экспорт нэмэгдэж байгаатай буюу түр зуурын улирлын шинж чанартай
өөрчлөлтөөс үүдсэн ханшийн өөрчлөлт гэж тайлбарлах хүмүүс байна. Мэргэжлийн
хүний хувьд төгрөг чангарч байгаа энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэж харж
байгаа вэ?
- Өөрийн чинь
хэлсэн улирлын шинж чанартай өөрчлөлт байгаа байх. Суурийг нь аваад үзэх юм
бол Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай болж байгаатай
холбоотойгоор ам.долларын ханш суларч байх шиг байна. Мөн дээр ярьсан
Худалдаа Хөгжлийн Банкны бонд амжилттай болсон зэрэг зах зээл дээр гарч
байгаа ерөнхий хандлагыг харахад ам.долларын ханш сулрах нь гэсэн дохио болж
байна гэсэн үг.
-
Монголын эдийн засаг хөрсөн дээрээ буусан эерэг өөрчлөлтүүд гарч байна гэж
эдийн засагчид үзээд байгаа. Харин нөгөө талд эдийн засаг улам муудаж байхад юу
ярина вэ гэх хүмүүс бий. Бид үнэхээр эрүүлжээд байна уу, муудаад байна уу?
- Монголын
эдийн засаг богино хугацаанд асар хурдацтай өссөн. Уул уурхайгаар дамжаад маш
их хөрөнгө оруулалт орж ирсэн. Бид магадгүй байх ёстой түвшнээсээ нэлээд
өндөрт богино хугацаанд гарчихсан.Одоо харин энэ хооронд үүссэн хөөс бууж
байна. Хөөс бууж байгаа болохоор хүссэн хүсээгүй импортоо хязгаарлах
шаардлагатай бий боллоо. Үүнд эдийн засгийн дүгнэлт хийхээсээ илүү
нийгмийн үйл явцынх нь хувьд дүгнэвэл зөв зүйл гэж бодож байна. Бид нэг цочроо
авч байна. Эдийн засгийн хүндрэл, хямрал гэдэг нь үе үе өөрийнхөө хэрэггүй
хог новш, үр ашиггүй зүйлсийг сэгсэрч хаяж байдаг өөрөө өөрийгөө засах
тогтолцоо юм гэдгийг бид харж байна.
-
Хэдий бид хөрсөн дээрээ бууж илүү зардлаа танаж гадаад худалдаа ашигтай гарч
байгаа ч өмнөх шигээ долларын урсгалыг сайжруулахын тулд богино хугацаанд
экспортоо нэмэгдүүлж чадахгүй, гадаадын хөрөнгө оруулалт эргээд сэргэх хандлага
ч их бага байна. Өөр бидэнд ямар арга зам байна вэ?
- Тийм ээ.
Бидэнд хөрөнгө оруулалт, доллар хэрэгтэй. Эх үүсвэр л хэрэгтэй байна.
-
Энэ эх үүсвэрийг хаанаас олох вэ?
- Улс зээл
авах боломжгүй болчихсон. Тиймээс хувийн байгууллагууд мөнгө босгож байгаа нь
чухал үйл явдал юм. Гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ
тэглээ гээд том төслүүдээ бас хамаагүй яаран шийдэж болох уу, үгүй юу гэдэг
өөрөө тусдаа асуудал. Монгол улс маш том хөрөнгийн зөрүүнд орчихсон
байна. Эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалъя гэж байгаа бол их хэмжээний
хөрөнгө хэрэгтэй болж байна.
-
Уул уурхайн томоохон ордуудыг хөдөлгөхөд Монголын төр хувь эзэмших ёстой, ёсгүй
гэсэн хоёр байр суурийн алийг нь та дэмждэг вэ?
-
Төр хувь эзэмших ёстой, ёсгүй гэсэн хоёр туйлыг ярихаасаа илүү бид
шийдлийнхээ гол руу нь ерөөсөө орохгүй байна. Төр эзэмшинэ, эзэмшихгүй
гэдгийн цаад нөхцөл шалтгааныг бүрэн олоогүй, ойлгоогүй байгаа учраас одоогийн
зөрчлүүд гараад буй. Энэ асуудлыг бүрэн ойлголцоогүй цагт маргаан бол
тасрахгүй. Шийдсэн ч гэсэн араас нь ингэх байсан, тэгэх байсан гэдэг яриа
гарсаар л байна.
Төслийг
шийдэлцэж байгаа бизнесийнхний буруу гэж ердөөсөө байхгүй. Төсөл шийдэж
байгаа төрийнхний нээлттэй байдал, хоорондын ойлголцол зэрэг зохистой
удирдлагын алдаанууд л харагдаад байгаа. Нэг зүйлийг дахин тэмдэглэж хэлэхэд
төсөлд оролцож байгаа бизнесийн байгууллагын буруу гэж байхгүй. Том төслүүдийг
явуулах хэрэгтэй юу. Хэрэгтэй. Хамгийн зөв шийдлийг олон хувилбар, олон
оролцогч дундаас олох ёстой төрийн менежментэд л асуудал байна.
-
Зарим улстөрч, улстөрийн хүчин Монгол Улсыг "Стэнд Бай"
хөтөлбөрт орохгүй бол болохоо болилоо гэцгээх болов. Гэтэл энэ нь эргээд
бизнесийнхэнд ихээхэн хортой гэх нь бий. Таны бодлоор "Стэнд Бай"-д
орох шаардлагатай юу?
- "Стэнд
Бай"-д аль болох орохгүй байх нь зөв. Энэ хөтөлбөрт орно гэдэг бүх
зүйлээ хянуулна гэсэн үг. Үнэхээр дотоодын нөөц боломжгүй болоод эх үүсвэр олж
чадахгүй, хямралт нөхцлийг хянаж удирдаж чадахгүй бол энэ хөтөлбөрт орж таарна.
Гэхдээ тэгэхгүйн төлөө бодлого боловсруулагчид ажиллаж байгаа гэж бодож байна.
Болж л өгвөл орохгүй байх хэрэгтэй.
-
Бизнесийнхэнд халтай гэдэг нь ямар утгатай вэ?
- Монгол Улс
бодлогын алдаа хийсэн юм байна. Өөрийгөө удирдаж, хянаж чадахгүй байгаа юм
байна гэдэг л дохио болно гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын шийдвэрүүд
л хойшилно шүү дээ. Хамгийн гол нь бид одоогийн энэ хүндрэл юунаас болж
бий болсон бэ гэдгээ тодорхой гаргаж ирээд ярихаар засаг маань тогтворгүй,
итгэлгүй байгаатай холбож тайлбарлагддаг. Тэгэхээр асуудал үүссэн тэр
цэгээс хүндрэлийг шийдэх нь хамгийн зөв байх. Төр засаг маань өөрсдөө
шийдвэр гаргаж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй байна. Шийдвэр гаргахаасаа
өмнө ярилцдаг гэдгээ харуулах ёстой. Бизнесийнхнээ үнэхээр дэмждэг гэдгээ
нотлох ёстой. Ингэж чадвал бизнесийн орчин сайжраад хөрөнгө оруулалт
аяндаа нэмэгдэнэ шүү дээ.
-
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний санхүүжилтийн эх үүсвэрийн 30 орчим
хувийг арилжааны банк бүрдүүлдэг гэдэг. Энэ хэр эрүүл үзэгдэл вэ?
- Санхүүгийн
салбарт банк, хөрөнгийн зах зээл гэсэн үндсэн хоёр том гар
байдаг. Монголын хувьд банк давамгайлаад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй
байна гэж өрөөсгөл дүгнэх нь элбэг.
Монголын
өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд хамгийн ойлгомжтой бөгөөд зөв
санхүүгийн тогтолцоо нь банк болохоор л банкны салбар хөгжиж байна.
Харин хөрөнгийн зах зээлийн тухайд манайх шиг жижиг бөгөөд нээлттэй эдийн
засагтай улсад тийм том байж чаддаггүй. Гэхдээ хөрөнгийн зах зээл заавал
байх ёстой. Байх байхдаа эрүүл, өрсөлдөх чадвартай байх ёстой. Хөрөнгийн
зах зээлийг дэмжээд дэмжээд нэг л явж өгөхгүй, эрүүл биш байгааг бид харж
байна. Ийм нөхцөлд ямар ч харилцагч банканд мөнгөө хийчихсэн нь найдвартай
санагдах болно.
-
Арилжааны банкууд л хөлжиж байна, иргэдийг шулж байна гэх хандлагыг улстөрийн
хариуцлагатай албан тушаалтнууд ч илэрхийлдэг. Банкууд үнэхээр тийм шударга
бусаар хөлжсөөр байна уу?
-
Энэ зөвхөн салбарын асуудал биш болчихоод байна. Улсын нийт санхүү
бодлогын асуудлыг шийдэхэд хувийн хэвшил зайлшгүй шаардлагатай. Тэр дотроо
санхүүгийн салбар. Санхүүгийн салбартаа банкны салбар онцгой үүрэгтэй оролцож
байгаа. Бүх санхүүгийн гүйлгээ, зээл дийлэнх нь банкны салбараар дамждаг.
Тэгэхээр
төсөл болгон банкаар дамжин хэрэгждэг гэсэн үг. Тиймээс бүх зүйл банктай
холбогддог. Үүнийг санаатай, санамсаргүй мушгин гуйвуулаад банкийг төр
дэмжээд байгаа юм шиг хүмүүст ойлгуулаад байгаа нь харамсалтай.
Яг
үнэнийг хэлэхэд, Монголд "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг",
хөрөнгө оруулалтыг дэмжье гэсэн бодлого яваад байгаа юм шиг мөртөө бодит байдал
дээр бизнесийнхэн хүнд байдалд байна.
Бодитой,
тууштай дэмжлэг гэж ерөөсөө байхгүй. Төрийн байгууллагууд бизнесийнхний
ажил хөдөлмөрийг буруугаар мушгин гуйвуулж иргэдэд ойлгуулсаар байгаа. Энэ
байдал нь эргээд санхүү, хөрөнгө оруулалтын орчинг муутгасаар байна.
-
ШӨХТГ арилжааны банкуудын хүү, шимтгэлийн асуудалд маргаан үүсгээд удаж байна.
Та үүнийг хэлж байна уу?
-
Тийм ээ. Гэхдээ энэ тал дээр би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Учир нь шүүхэд
хөндлөнгөөс оролцсон явдал болох байх.
-
Гэхдээ төрийн байгууллага байр сууриа олон нийтэд илэрхийлж болдог. Харин
хувийн хэвшил байр сууриа илэрхийлж болохгүй гэж үү?
-
Ер нь Монголын банкны салбар хаана яваа вэ гэдгээ бид мэддэг байх
ёстой. Монгол Улсын банкны салбар Азидаа хөгжлийн хувьд муугүй түвшинд явж
байгаа. 25 улстай харьцуулахад бид 14-т жагсаж байна. Банкны салбарын
хөгжлөөр бидний ард орсон хэр нь нийт нийгэм, эдийн засгийн хөгжлөөр урд яваа
улс бас бий. Тэгэхээр Монгол Улсын банкны салбар одоогийн хууль эрх зүйн
орчныхоо хүрээнд харьцангуй сайн хөгжчихөөд байна
Банкны
салбар маань улсынхаа эдийн засаг, эрх зүйн нөхцөл байдалд баригдаад
хязгаарлагдчихсан гэж хэлж болно. Энэ их харамсалтай.
Жишээ
нь банкны бизнесийг ойлгохгүй байх хандлага их. Санхүүгийн боловсрол
багатайгаас, нөгөөтэйгүүр зөвхөн санхүүгийн ч биш чөлөөт зах зээлийн талаарх
боловсрол дутуугаас ердийн хүү шимтгэлийг ойлгохгүй, буруу ташаа зарга үүсгэх
асуудал байсаар байна. Бүр төрийн байгууллага нь хүртэл ийм байдал үзүүлж байна
шүү дээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банк санхүүгийн салбарт мөрдөгдөж буй
хүү, шимтгэл, нөхцөлүүд дээр маргаан үүсгээд явж байгаа нь нэг талаар банкны
салбарын хөгжилд шаардлагагүй ачаалал дарамт үүсгээд байгаа юм.
-
Та зээлийн шимтгэл, хураамж, хүүгийн талаар ярьж байна уу?
-
Тийм ээ. Энэ бүгд хаана ч байдаг санхүү, бизнесийн ердийн бүтээгдэхүүн юм.
Гэтэл үүнийг олон нийтэд банкууд шулж байгаа юм шиг ойлгуулаад ташаа мэдээлэл
өгөөд, турхираад байгаа нь санхүүгийн салбарт, цаашлаад бизнесийн салбарын
хөгжилд, эргээд зээлдэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудал юм.
Үүнийг
популизм л гэхээс өөр аргагүй. Хүү шимтгэл, хураамж зэрэг нь тухайн
бизнесийн байгууллагын өөрсдийнх нь шийдэх асуудал. Энэ бол дэлхий дээр
хаана ч байдаг санхүүгийн тогтчихсон үйлчилгээ. Монгол Улсын Засгийн
газар ч гэсэн гаднаас авч байгаа зээл болгон дээрээ хүү шимтгэл бүгдийг нь
төлж байгаа. Бүр багагүй хэмжээгээр төлж байгаа. Энэ хүү, шимтгэл
гэдэг зүйлийг чинь шуналтайдаа аваад байгаа юм биш, санхүүгийн бизнесийн
учир шалтгаантай хөлс, төлбөрүүд юм. Хөлс төлбөрийн цаана эрсдэл байгаа,
зардал гарч байгаа, нөөц хуваарилж байгаа. Ингэж байж санхүүгийн салбар,
харилцагч хоёрын хооронд эрсдэлээ хуваах харилцан итгэлцэл бий болж байдаг.
Төр
нь дэмжинэ гэдэг мөртөө бодит байдал дээрээ ажил болдоггүйн тод жишээ юм
даа. Төр зээлийн хүүг бууруулна гэж тунхагладаг боловч өндөр байх нөхцлийг
өөрөө бий болгоод байна гэсэн үг. Энэ тухай өөр дэлгэрэнгүй зүйл ярих
боломжгүй байна.
-
Хятадын Төрийн банкийг Монголд орж ирэх шаардлагатай эсэх дээр та өөрийн байр
сууриа илэрхийлэхгүй юу?
-
Аливаа улс үндэстний санхүүгийн салбар онцгой чухал үүрэгтэй. Өөрийн гэсэн
хяналттай санхүүгийн салбартай байж эдийн засгийг хянадаг. Монголд
гадаадын банк хэрэгтэй юу. Хэрэгтэй. Гэхдээ магадгүй энэ цаг
үед гадаадын тэр тусмаа төрийн эзэмшлийн банк эрсдэлтэй гэж үзэж байгаа
юм.
Монголын
банкны салбар, улс төр, бизнесийн орчин, хянан зохицуулагч байгууллага, эрх
зүйн тогтолцоо нь гадаадын банкийг аюулгүйгээр оруулаад, хөгжилд хувь нэмэр
оруулахуйц дэд бүтэц бэлэн байна уу гэдэгт бид эхлээд хариулт олох ёстой. Миний
хувьд бэлэн биш гэж үзэж байгаа.
Нөгөө
талаас иргэд, бизнесийнхэн энэ талаар маш их асуудаг, сонирхдог.
Гэтэл гадаадын банк орж ирээд хаана, хэнд хямдхан зээл өгөх гээд байгаа юм
бэ? Манай улсын инфляц хэд байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 9.8
хувь байна. Бид зүгээр сууж байхад л ханш 9.8 хувиар унаж байна гэсэн
үг. Энэ нөхцөлд зээл, хадгаламжийн хүү үүнээс бага байх боломжгүй.
Тийм
учраас гадаадын банк Монголд орж ирээд шударгаар зээлээ олгож эхэллээ
гэхэд одоогийн манай банкуудаас бага хүүтэй зээл олгож чадах уу? Дээр нь
зээлээ жирийн иргэдэд олгох юм уу? Иргэд, бизнесийнхэн үүнийг ялгахгүй байх шиг
байна.
Монголд
орж ирээд л бүх хүнд зээл өгчих юм шиг санаад байна. Яг
үнэндээ Монгол Улсын иргэд, бизнесийнхэн өөрсдийн нөөц боломжийн хүрээнд
хангалттай зээлжчихсэн шүү дээ.
Тэгэхээр
гадны банк магадгүй Монголд орж ирээд хамгийн эрсдэл бага сайн төслүүд дээр
өндөр дүнтэй зээл өгөөд явчих байх. Харин тэр жижиг дундуудад зээл өгөх үү.
Үгүй болж таарах нь. Иргэдэд жишээ нь орон сууцны зээл өгөх үү. Үгүй болж
таарна.Эцсийн дүндээ бизнесийнхэн, банкуудыг татаж байгаа хамгийн сайн
төслүүдийн соруудыг гадны банк ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шимээд, сороод
авчих юм бол хэн хусам дээр нь ажиллах вэ. Энэ зөв зүйл мөн үү. Том
зургаар урт хугацаанд аваад үзэхээр зөв цагт нь, зөв банкийг оруулж ирэх нь л
зөв. Түүнээс зээлийн хүү өндөр байна гэсэн гэнэн бодлоор асуудалд
хандаж болохгүй.
-
Ипотекийн зээлийн урьдчилгаа босго болох 30 хувийг 10 болгох тухай яриад удаж
байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна. Таны бодлоор Засгийн газар
баталгаа гаргаад иргэдийн төлөх урьдчилгааг 10 хувь болгох нь эдийн засаг
талаасаа хэр зөв шийдвэр вэ?
-
Одоо хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөр Монгол Улсад цоо шинэ зүйл байсан.
Хэрвээ санаж байгаа бол өмнө нь арилжааны банкууд зөвхөн өөрийн эх үүсвэрээр
өндөр хүүтэй зээл олгож байлаа.
Өөрөөр
хэлбэл, Монголд орон сууцны зорилгоор зээл авах боломж байгаагүй. Энэ бол цоо
шинэ систем. Зөв загвар. Гэхдээ энэ хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлэх буюу хоёр
дахь зах зээл дээр хэрхэн гаргах вэ гэдгийг сайн бодоод яаралтай хийх
ажил.
Эдийн
засгийг бүхлээр нь харвал Монголд ихэнх хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт
хийгдсэн. Уул уурхайгаас олсон мөнгөө барилгын салбар руу хийдэг ч юм уу цөөхөн
хэдхэн салбар руу хуйларсан байдалтай явж байна.
Одоогийн
үүссэн нөхцөл байдлыг харахаар борлогдохгүй үлдчихсэн барилгын хуримтлалыг
шийдэх гэж ипотекийн зээлийн нөхцөлөө хөнгөрүүлнэ гэж байх шиг байна. Энэ бол
буруу. Энэ нь асуудлыг шийдэж байгаа биш хуримтлагдсан байгаа эрсдэлийг л
компаниудаас иргэд рүү шилжүүлж байгаа хэрэг юм.
-
Таны бодлоор хамгийн зөв алхам нь юу вэ?
-
Одоогийн байдлаар ипотекийн зээл Монголбанкнаас санхүүжиж байгаа. Дараагийн
буюу хоёр дахь шат болох нийгмийн даатгал ч юм уу эсвэл хөрөнгийн зах
зээлтэйгээ уялдуулаад санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдэх хэрэгтэй. Үүнд
Засгийн газар, Монголбанк зэрэг байгууллагад шийдэл байгаа байх.
Түүнээс
улстөрийн зорилгоор ипотекийн нөхцөлийг хөнгөрүүлэх нь эргээд маш их сөрөг үр
дагавартай. Хамгийн гол нь Монголд ипотекийн зээлтэй иргэдийн тоо бас цөөн биш
хэмжээнд ирчихээд байна.
Тиймээс
дараагийн ээлжинд зээл авах хүмүүст очих эрсдэл нэмэгдэхийн хажуугаар тэдний
ажлын байр баталгаатай байж чадах уу зэрэг нийгмийн талаас асуудлыг харах
хэрэгтэй.
-
Засгийн газар нэгэнт баталгаа гаргаад банк хүүнээс ашиг олж байгаа юм чинь
ипотекийн нөхцөлийг хөнгөрүүлэх нь банкуудад нэг их хохиролгүй гээд байгаа шүү
дээ.
-
Зөвхөн ашиг хараад Засгийн газар баталгаа гаргачихсан юм чинь хамаагүй гээд
хийвэл хийж болно.
Гол
нь салбарын хөгжил зөв явж байна уу, зээлийн нийт багц нь зөв байршиж байна уу,
ипотекийн зээлийн нийт багц нь хэт өндөр болчихвол яах вэ гэдэг асуудлуудыг
бодох хэрэгтэй.
Мөн
зээл авч байгаа хүмүүсийн эргэн төлөх чадвар хэр байна вэ. Бодитой ажилтай
байна уу, ажил нь тогтвортой юу гэдэг бидний бодох ёстой асуудал. Түүнээс
ипотекийн зээл гэдэг нэг удаа тараадаг халамжийн мөнгө биш шүү дээ.
-
Арилжааны банкуудын хэрэгжүүлж эхлээд буй ТоС буюу Тогтвортой санхүүжилтийн
хөтөлбөр бас үүнтэй холбоотой юу?
-
Шууд холбоогүй ч ерөнхий агуулгаараа төстэй юм.
Тодруулбал,
арилжааны банкууд зээл олгохдоо өмнө нь сонирхдоггүй байсан зүйлс буюу тухайн
хөрөнгө оруулалт хийх гэж байгаа төсөл нь байгаль орчинд хэр хохиролтой,
Монголын ирээдүйд ямар хохирол учруулж болох тэр бүгдийг зээлдэгчээсээ асуудаг
болчихсон байгаа. Тухайн төсөл хэрвээ дээрх шаардлагыг хангахгүй байх юм бол
зээлээ олгохгүй хүртэл арга хэмжээ авна гэсэн үг.
25
жил бид нээлттэй эдийн засгийн тогтолцоотой амьдарлаа. Бид монголчууд байгаль
орчноо хамгаалах, нийгмийн хариуцлагатай төсөл хэрэгжүүлэх тал дээр их ярьсан
болохоос бодитой алхмууд бараг хийсэнгүй. Зөвхөн “нийгмийн хариуцлагатай
тухайгаа” зурагтаар уралдан зарлаж, сурталчилж л эхэлсэн. Харин банкууд үүнийг
эцэслэхийн тулд санаачлага гарган, нийгмийн хариуцлагын шалгуурыг ТоС
хөтөлбөрийн хүрээнд зээлдэгчиддээ тавина гэсэн үг. Жишээ нь, барилгын компани
зээл авч байгаа бол барилгажих тайлбанхаа 30 хувьд нь ногоон байгууламж
байгуулах ёстой гэсэн шаардлагыг тавина.
Энэ
бол банкуудын шаардлага биш, угаасаа мэргэжлийн хяналтын байгууллага нь тавьдаг
шаардлага. Үүнийг гэхдээ хэрэгжүүлж байгаа нь хэд билээ. Ийм шаардлага байгаа
бол юм яагаад биелүүлэхгүй байна вэ. Энэ ажлыг банкууд давхар асууж,
хэрэгжүүлэх хөшүүрэг болно гэсэн үг юм.
-
ТоС хөтөлбөр бодит биеллээ олж байна уу?
-
2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн. Бид хамгийн гол нь хаана
ч байхгүй шаардлагыг зохиож гаргаж ирээд хэрэглэгчдээс нэхээгүй. Зөвхөн
хэрэгжихгүй байгаа байгаль орчин, нийгмийн бодлого, шаардлагуудыг биелэхэд нь
дэмжлэг болж байна гэсэн үг. Энэ бол жинхэнэ нийгмийн хариуцлага юм.
-
Арилжааны банкуудын тухайд одоогийн эдийн засгийн хүндрэл ямар байдлаар нөлөөлж
байна вэ?
-
Арилжааны банкууд нь эдийн засгийн тусгал болдог. Одоо эдийн засаг хямарч
байгаа гэж хэлэхгүй. Эдийн засаг өсөлттэй гарсан байна. Монгол Улсын эдийн
засаг өсөөд байна шүү дээ. Харин идэвхжил бол буурч байна. Ялангуяа жижиглэн
худалдаа, худалдааны салбарын өсөлт буурсан байна. Би сөрөг гарсан гэж хэлээгүй
шүү. Өсөлт нь буурсан байгаа юм.
Санхүүгийн
салбарын үйлчилгээний өсөлт ч бас буурсан. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн
идэвхжил буурч удааширч байна гэсэн үг. Энэ байдал удвал хямрал руу орох
магадлалтай.
Одоо
банкны салбар өсч байна. Гэхдээ өсөлт нь удааширч байна. Хугацаа хэтэрсэн
чанаргүй зээлийн хэмжээ 5.7 хувиас ялимгүй өсөн 6.1 хувь болсон. Эдийн
засаг удаашраад ирэхээр чанаргүй зээл хүссэн хүсээгүй нэмэгддэг зүйл. Нэг их
онцгой асуудал болох зүйл биш ээ.
-
Чанаргүй зээл нийт зээлд харьцуулсан харьцаагаар тооцоход хэчнээн хувьд хүрвэл
аюултайд тооцдог вэ?
-
Яг тийм тоо байдаггүй. Гэхдээ 10-аас дээш гарвал анхаарах болсныг илэрхийлдэг.
-
Монголын Банкны Холбооны өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажлын тухай танилцуулахгүй
юу?
-
Монголын Банкны Холбоо салбарынхныгаа төлөөлсөн мэргэжлийн холбоо. Энэ бол
мэргэжлийн институт юм. Гол зорилго нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг
хамгаалах. Хоёрдугаарт, банк санхүүгийн салбарын тогтвортой урт хугацааны
хөгжлийг хангахад бодлогын ямар шийдэл хэрэгтэй байна вэ гэдэг дээр ажилладаг.
Энэ хүрээнд судалгааны ажлууд хийдэг. Дээр нь мэдээж хэрэг гишүүд болон бусад
байгууллагын мэргэжлийн хөгжил, боловсролд анхаарч сургалтуудыг хийж
байна.
Монголын
Банкны Холбооны хувьд сайн институтийн түвшинд маш дөхөж очсон, Монголд байгаа
бусад мэргэжлийн болон салбарын холбоодоос хамгийн сайн бэхжиж чадсан нь гэж
боддог.
Иргэний
нийгэм гээд л бид их ярих дуртай. Иргэний нийгмийн хамгийн үүрэг, хариуцлагатай
хэсэг нь энэ салбар, мэргэжлийн холбоод юм. Уг нь жинхэнэ институт энд
бүрэлдсэн байх ёстой. Монголд ийм мэргэжлийн холбоод цөөхөн байгаа учраас
бизнесийн дуу хоолой сул, эрх ашиг зөрчигдсөөр байна.
Тэр
байтугай хоёр болон түүнээс илүү холбоотой салбар ч байдаг юм билээ. Ийм
нөхцөлд яаж нэгдсэн бодлого гаргаж чадах вэ дээ.
-
Эдийн засаг, банк санхүүгийн салбарыг орхиод таны олон нийт, улстөрийн үйл
хэргийн талаар яриагаа үргэлжлүүлье. Хэсэг нөхөр Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу
(ХҮН) хэмээх улстөрийн хүчнийг олон нийтэд дахин танилцуулаад удаагүй байна. Та
энэ намын гишүүн. Эрх барьж байгаа хоёр гол хүчинд итгэх итгэл суларсан байгаа
энэ цаг үед та бүхний боловсруулсан бодлого, зорилго анхаарал татаж байна.
Хөгжлийн бодлогын талаараа танилцуулахгүй юу?
-
Одоогийн бидний болохгүй байгаа, мухардмал байдлыг залруулахын тулд дараах
зүйлийг хийх ёстой гэж үзсэн.
Нэгдүгээрт,
хүн болон мэдлэг байх ёстой. Хоёрдугаарт, мэдлэгээс үр бүтээлтэй бодлого
гаргахын тулд тодорхой институт байх ёстой. Хүнээс, даргаас хамааралгүй
институт. Гуравдугаарт, энэ институтэд хөгжлийн ямар нэгэн онол, үзэл баримтлал
байх ёстой. Үзэл баримтлал байхгүй бол ямар ч сайхан бодлого гаргаад зүгээр
цаас болон үлддэг. Түүний жишээ нь 2008 оны Үндэсний хөгжлийн цогц бодлого. Их
зузаан баримт бичгийг олон хүний хүчээр боловсруулсан. Харамсалтай нь цаас
болоод л үлдсэн.
Үзэл
баримтлал дээр суурилсан бодлогын баримт бичиг буюу жинхэнэ амьд бодлого байх
хэрэгтэй. Тэгэхээр үүнийг л бид Монгол Улсад хийж чадахгүй бөгөөд чадахгүй
байна гэдгээ мэдэхгүй, ойр зуурын шийдлээр алсын асуудлыг шийдчих гээд яваад
байна гэсэн үг.
Тиймээс
"Хөгжил хүн" клуб хөгжлийн үзэл баримтлал, онол зарчим дээр үндэслэн
"Монгол зорилго 2050" гээд тов тодорхой гаргаад ирчихлээ. Энэ бол
хялбархан юм шиг хэрнээ хийхэд хэцүү. Бид өнгөрсөн 25 жил огт хийж чадаагүй зүйл
байгаа юм.
-
Хийхэд хэцүү гэж байна. Тэгээд та бүхэн яаж хийх вэ?
-
Цоо шинэ юм сэдэж олох шаардлагагүй.
Институт
гэдэг хамгийн чухал зүйл нь юм. Арав ч байна уу, 100 хүн ч байна уу нэгдээд
ажиллахад хувь хүнээс хамаарахгүйгээр зарчмаа барьж ажилладаг институтийг бий
болгох хэрэгтэй. Тэр институтийг бий болгочихсон цагт бодлогыг хэн ч хийнэ, хэн
ч хэрэгжүүлнэ.
-
Тийм учраас та бүхэн улстөрийн нам байгуулахаар шийдсэн юм байна. Зөв үү?
-
Тийм ээ. Одоо Монголд 20 гаруй улстөрийн нам бий. Маш олон клуб, төрийн
бус байгууллага ч байгаа. Гэхдээ институт болж чадсан нь байхгүй. Иймэрхүү
нөхцөлд бид юу ч шийдэж чадахгүй. Шийдэх чадвар ч алга. Энэ бол институт
байхгүйн л шинж юм.
-
"Монгол Зорилго 2050"-ын талаар илүү тодорхой болгохгүй юу?
-
Бид Монгол Улс 2050 онд ямар улс болсон байх вэ гэсэн алсын харааг нь
тодорхойлсон. Монгол Улс 2025 онд одоогийн Турк шиг, 2035 онд одоогийн Чех шиг,
2050 онд одоогийн Швед улс шиг болсон байх ёстой. Үүндээ тааруулаад хөгжлийн
бодлогоо боловсруулаад, хөгжлийн стратегиа сонгоод хэрэгжүүлээд явах юм.
-
Хөдөлмөрийн Үндсэн Намыг "Хөгжил хүн" клубээс үүдэлтэй гэж ойлголоо.
Энэ клубийн талаар танилцуулахгүй юу?
-
Энэ клуб гэнэт гарч ирээд нам байгуулах асуудал яриагүй. Сүүлийн дөрөв, таван
жилийн турш салбар болгондоо тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ
гэдгийг ярилцаж, хэлэлцэж, дор бүрнээ сайжруулалтыг хийхээр хичээж байсан
залуусын нэгдэл.
Яг
хэн байна вэ гэхээр дундаж нас нь 40 орчим, 10 гаруй жил ажиллачихсан, эргээд
харах юм бол ерээд онд хувийн зардлаараа сургууль төгссөн шилжилтийн үеийн
оюутнууд юм. Мөн хамгийн анх гадаадад суралцахаар гарцгааж эргэж ирсэн
үеийнхэн. 10 гаруй жилийн ажлын туршлагатай идэр насны залуус цөм нь байгаа юм.
Бидэнд БИД гэсэн зарчим бий. Бидний ард хэн байна вэ гээд л хүмүүс сонирхдог.
Бидний ард бид л байгаа. Харин бидний урд Монгол зорилго бий.
Түүнчлэн
бид ардын хувьсгалыг ч хийгээгүй, Ардчилсан хувьсгалыг ч хийгээгүй. Бид цоо
шинэ Монголыг бүтээх зорилготой. Зарим улстөрч, улстөрийн хүчин нийгмийн их
дэвшил, хувьсгалыг өмчлөх гэж оролддог. Энэ бол маш хортой, байж болшгүй
зүйл.
"Хөгжил
хүн" клубийн үүсэл нь ч их тодорхой. Монгол Улс яагаад хөгжихгүй байна вэ
гэдгийг олж мэдэхийн тулд бусад улс орны жишээг харсан. Япон, Солонгос,
Сингапур яагаад хөгжив.
Харин
зарим нь яагаад хөгжиж чадахгүй байна вэ гэхээр тэдгээр улсад ч Монголд ч дээр
дурдсан гурван зүйл л байхгүй байсан. Хөгжлийн үзэл баримтлал нь алга.
Хоёрдугаарт хөгжлийн үзэл баримтлалыг нь тээдэг институт эсвэл манлайлагч алга.
Гуравдугаарт үзэл баримтлал дээр нь суурилж гарах бодлого байхгүй байгаа юм.
Энэ гурван зүйл байхгүй л бол ямар ч ухаантай хүн гарч ирээд хөгжлийг бүтээж
чадахгүй.
"Монгол
Зорилго 2050"-г боловсруулахад "Хөгжил Хүн" клубын 80 орчим хүн
оролцсон. Эдгээр хүний 70 орчим хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн. 40
орчим хувь нь доктор, судлаач хүмүүс бий.
-
Та "Цахим Өртөө" сүлжээний УЗ-ийн даргаар ажиллаж байсан. Одоо ямар
үүрэг оролцоотой байдаг вэ. "Хөгжил хүн" клуб "Цахим
Өртөө"-тэй холбоотой юу?
-
"Цахим өртөө"-г харахад нэг их том төсөл хөтөлбөр хийхгүй байгаа юм
шиг мөртөө нийгэмд асар том суурь, шинэ үеийн сэхээтнүүдийг бэлдсэн, бэлдэж
байгаа газар юм. Нам, улстөрийн хүчин хамаарахгүйгээр тэнд хоорондоо тодорхой
асуудлуудыг ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж, шинийг суралцаж байдаг.
"Хөгжил хүн" клуб шууд утгаараа "Цахим Өртөө"-тэй
хамааралгүй ч гэсэн тэнд байсан гишүүд клубт чухал нөлөөтэй оролцож байгаа. "Цахим
өртөө" бол 100 орчим гишүүнтэй холбоо, дэлхий даяар тархан суурьшсан 1,000
орчим гишүүн дэмжигчтэй нөлөөтэй байгууллага. Миний хувьд одоо Удирдах
зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа.
-
Танай намын хувьд 2016 оны сонгуульд оролцох төлөвлөгөө байгаа байх?
-
Ирэх жилийн сонгуульд оролцож л таарна. Гэхдээ бидний зорилго бол 2016 он ч
биш. 2020 он ч биш. 2050 он. Урт хугацааны тогтвортой институт бүтээн байгуулах
л бидний зорилго. Үүнийг зөвхөн бид хийхгүй. Бүх монголчууд, бүх улстөрийн
хүчин Монголын төлөө л бол хамтран хийх ёстой. Энэ зарчим дээр нэгдэх, нийлэх
үйл явцыг бид санаачилж, өдөөж байна гэсэн үг.
-
Хуулиараа нам 801 гишүүнтэй байх ёстой. Олон нийтэд зарласнаас хойш хэчнээн
шинэ гишүүнтэй болов?
-
Нам маань 1,000 орчим гишүүнтэй. "Хөгжил хүн" клуб маань 100 орчим
гишүүнтэй.
Бидний
зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрсөн, баримталж чадах хүн байвал хэн байх нь
чухал биш. Зарчмаа л барьж чадаж байвал чөтгөр ч байна уу, хэн ч байна уу
бидэнтэй нэгдэж болно. Харин зарчмаа мөрдөж чадахгүй бол бурхан байгаад ч
нэмэргүй юм.
Ярилцсан Ч.Болортуяа
ikon.mn
2015 оны 6 сар